Улсын аварга С.Мөнхбат Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа гардан авав
2014/12/29
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Увс нуур" дэвжээ, “Монголросцветмет” нэгдлийн бөх Улсын аварга С.Мөнхбат хоёр дахь удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг гардан авав. Тэрээр 2011 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн цомын төлөөх анхны барилдаанд түрүүлж цом гардаж байсан юм. Өнөөдрийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат "Алдар" спорт хороо, "Таванхан" дэвжээ, "Ноёд" группийн бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаанд түрүүлсэн Улсын аварга С.Мөнхбатад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн зүүж явсан бугуйн цагийг дурсгал болгон бэлэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос зохион байгуулж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн барилдааныг нээж Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “Энэхүү өргөөнд хуран цугларсан ард, иргэдийн төлөөлөл, биднийг харж, сонсч байгаа Монголын нийт ард, иргэддээ монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн түүхт ойн халуун мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөж мэндчилье.
Бид энэ сайхан баярыг, энэ сайхан өдрийг бүтэн жил хүлээдэг. Юм бол учиртай. Бидний өвөг дээдэс 103 жилийн өмнө Монгол орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг хуучин он хулжирч, шинэ он шилжирч ирж байгаа энэ цаг мөчид олж, Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг мандуулсныхаа их баярыг тэмдэглэж байжээ. Их өвөг дээдсийнхээ тэр ариун үйл хэргийг үргэлжлүүлж, бид бүгдээрээ энэ их өргөөнд хуран цуглаж ард нийтээрээ энэ сайхан баяраа хамтдаа тэмдэглэх гэж байна. Та бүхэндээ баяр хүргэе. Эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө.
Энэ 2014 ондоо ард түмнээ баярлуулан чансаа өндөр, сайхан барилдаж, хийморь золбоо бүрдсэн бөхчүүдийнхээ барилдаанаар өнөөдрийн баяр цэнгэл наадмаа бид нээж байна.
Өнгөрч байгаа жилдээ манай ард иргэд, айл гэр бүрт байсан тэр сайн сайхан бүхэн үргэлжилж, шинэ ондоо та бүхний маань аз жаргал, хамгийн сайн сайхан дэлгэрч, монгол хүн бүхний хийморь дэлгэрч, монгол бөхийн цагаан хийморь үргэлж өөдөө байж, Монгол Улс минь мандан бадарч яваг ээ.
Миний Монгол мөнх орших болтугай. Баяр хүргэе ээ, та бүхэндээ. Аз жаргал хүсэн ерөөе. Их баярлалаа” гэлээ.
Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа Төрийн дуулал эгшиглэв.