“Амьдрал нулимсанд дургүй” Монголын уран сайхны кино өчигдрөөс үзэгчдийн хүртээл болж байгаа билээ. Залуусын хайр сэтгэл, гэр бүл төлөвлөлтөө буруу хийж байгаагаас гадна бие биедээ хүлээцтэй байх чадвар алдагдсан хэдий ч олны дотор хүн чанар, ухаан, ойлголцол, ханийн халамж, эх хүний нинжин сэтгэлээ гээгээгүй энгийн нэгэн бүсгүй байдаг гэдгийг Юмжирийн дүрээр харуулахыг зорьжээ. Нөгөө талаас хүний амьдралд юу ч тохиолдож болдог. Хувь заяа хаашаа ч эргэж болох хэдий ч хүмүүний сэтгэл санаа эрхэм гэдгийг “Амьдрал нулимсанд дургүй" нэрээр илэрхийлжээ. Нулимс гэдэг хүний уйтгар гуниг, баяр хөөр, гомдол шаналал сэтгэлийн илэрхийлэл байдаг учраас кинонд уг нэрийг өгсөн ажээ. Амьдралд “гунигийн нулимс” хэрэггүй гэдгийг нийгэмд ухааруулж, сайн сайхан амьдралд яаж хүрдэгийг түүнийхээ төлөө яаж тэмцэж, сайхан амьдралд хүрч болдог гэдгийг харуулахыг гол зорилго болгосон байна. Киноны үйл явдал, загвар зохион бүтээгч Юмжир хэмээх жирийн нэгэн бүсгүйн амьдрал, хувь заяаны өөрчлөлт, алдаж, онох, муу муухай бүхнээс сайн сайхан руу тэмүүлж амжилтанд хүрч байгаагаар үргэлжилнэ. Кино зураг авалт хоёр сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд кино группт 30 уран бүтээлчид оролцсон бөгөөд алтан үеэс авахуулаад шинэ залуу уран бүтээлчид бүтээжээ. Тус киног “Дээд Гэгээн Пикчерс" компани бүтээсэн бөгөөд үргэлжпэх хугацаа нь 1.30 минут бөгөөд киноны дууны аялгууг Б.Одбаяр /Ок|/, шүлгийг Д.Ган-Очир бичиж дууг дуучин Эгшиглэн дуулж олны хүртээл болгосон байна.

Кино зохиолыг Д.Энхжин /МУГБагш/ бичиж, Ц.Энхцогт ерөнхий найруулагч, зураглаачаар ажилласан байна.  Ерөнхий зураачаар О.Нямдаваа, хөгжмийн зохиолч Б.Одбаяр, найруулагчаар Р.Баттогтох, дууны найруулагчаар Л.Цэрэнтогтох, зураглаач, эвлүүлэгийн найруулагчаар Э.Түмэннасан, эвлүүлэг, графикчаар Д.Бадрах, продюссеээр  Д.Энхжин нар тус тус ажилласан байна.

 

Киноны нээлтийн үеэр бид  тус киноны найруулагч  Ц.Энхцогтоос тодруулга авсан юм.

- Юуны өмнө уран бүтээлээ үзэгчдэд хүргэж байгаад баяр хүргэе. “Амьдрал нулимсанд дургүй” уран сайхны кино таны хэд дэхь уран бүтээл вэ?

- Найруулагын бие даасан анхны уран бүтээл. Зураглаачаар ажилласан  хоёр дахь уран бүтээл.

- “Амьдрал нулимсанд дургүй” гэхээр “Москва нулимсанд дургүй” кино санаанд орж байна. Шинэхэн уран бүтээлийнхээ талаар?

-  Энгийн л кино. Энгийн амьдралыг уран сайхны хэлбэрээр дүрсэлж, гаргасан.  Хүний алдаа дутагдлаа ухаарахгүй яваад байвал хэрхэхийг харуулсан. Хүний амьдралд байдаг, нийгмийн олон давхаргыг хооронд нь уялдуулахыг хичээсэн.

Кинонд инээдэмтэй ч зүйл байгаа, эмгэнэлтэй хэсэг ч байгаа.   Хүмүүс дэмий юм үзлээ гэхгүй л байх.

- Дүрийн сонголтын хувьд? 

- Гол дүрд жүжигчин  Б.Батзаяа, А.Туяа, Ж.Оюундарь, Ц.Төмөрхуяг,  Р.Баттогтох, Т.Карма, Т.Саранзаяа, Б.Уяан тоглосон. Жүжигчдээ сонгохдоо төрөл жанрыг нь эвдээд, эсрэг дүрээр нь авчихъя гэж бодсон. А.Туяа бол аальгүй бүсгүйн дүрд тоглодог.  Харин манай кинонд боловсон намбатай бүсгүйн дүрд тоглосон. Ж.Оюундарь эгч бол намбатай эмэгтэй ш дээ. Манай уран бүтээл дээр “галзуу” эмэгтэйн дүрд тоглосон. Энэ мэтээр жүжигчин бүрийг  эвдэж, амттай дүрүүдийг бүтээлгэж өгсөн гэж боддог.

- Хамтарч ажилласан уран бүтээлчдийн хувьд?

-  Киноны зургийг би өөрөө авсан.

- Өөрөө найруулагч, зураглаачаар ажилласан юм уу?

- Тийм.  Хөгжмийн зохиолчоор Оки, киноны дууг Эгшиглэн дуулсан. 2-р оператор н.Түмэннасан, 2-р  найруулагчаар Р.Баттогтох ажилласан.

- Киноны постер их өвөрмөц юм?

-  Цаашаа харчихсан хэн нь мэдэгдэхгүй их нууцлаг болсон байгаа биз. Ер нь гял цал юм хийе гэж бодоогүй.  Тэвчээртэй байвал бүрхэг байхгүй маргааш нар гардаг гэдгийг нь үзүүлэхийг хичээсэн.

- Киноны зураг авалт хэдий хугацаанд хийгдэв?

- Өнгөрсөн оны  10-р сарын нэгнээс эхлээд 12-р сард дууссан.  Зохиол нь зун 5-р сард дуусаад л зураг авалтаа эхлүүлсэн.

- Зохиол дээр өөрөө ажилласан гэж сонссон?

- Ээжтэйгээ нийлээд зохиолыг нь бичсэн. Ээжийн минь Д.Энхжин гэдэг л дээ. Ээж маань  олон жилийн өмнө  “...Тавилан” гэж  зохиол бичсэн.  Ээжээсээ зөвшөөрөл аваад өөрчилөөд зохиолыг бичсэн.  Агуулга нь ижилхэн нэмж, хасах зүйлийг  нэмж хасаад  СГЗ С.Пүрэв гуайд хянуулсан.

- Киноны зохиолыг бичиж  найруулаад, зургийг нь авна гэдэг хүнд ажил шүү.  

- Гурван хүний ажлыг нэг хүн хийхээр цалгардуулна л даа. Тэгээд болж өгвөл аль нэгийг нь хийнэ гэж бодож байсан. Нэг бол ажлаа цалгардуулна, нэг бол өөрөө маш их ядрахаар байсан. Удаж зураг авсных  маш сайн бодож, жүжигчидтэйгээ сайн ажилласан.  Уран сайхны кино ямар байх ёстой вэ гэдгийг заасан “шугмаар” л хийсэн дээ.

- Өөрөө гоё  ядарсан уу? Эсвэл ядарсан уу?  

-  Гоё ядарсан. Би дуртай  байсан.  Гэхдээ уран бүтээлчдийн хувьд хүйтэнд хөрж, халуунд хална гэдэг жаргал ш дээ.

- Уран бүтээл хүний хувьд энэ бүтээлийг сэтгэлдээ хүртэл хийж чадсан уу?  

- Анх бодож хийснээс сайн болсон. Гэхдээ хүн чинь болчихлоо гэж боддоггүй. Улам л шуналтаад байдаг. Эвлүүлэг, дуу оруулалт, хөгжим гээд бүх зүйл дээр сэтгэлд хүрч байгаа.         

- Цаг гаргаж тодруулга өгсөнд баярлалаа.

“Дээд Гэгээн Пикчерс" компанийн бүтээл “Амьдрал нулимсанд дургүй” Монголын уран сайхны кино бүх кино театруудаар гарч байгаа. Ингээд тус кино бүтсэн түүхийг хүргэе.