Б.Бат-Эрдэнэ: Сахил хүртээд шал дордов гэгч болж байна
2015/01/20
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-УИХ-аар төсвийн тодотгол хэлэлцэж байна. Өрийн босгыг 60 хувьд хүргэх үү, үгүй юу гэдэг дээр ч нэлээд яриа өрнөж байгаа. Энэ тал дээр таны бодол ямар байна вэ?
-Хэдхэн сарын өмнө 2015 оны төсвөө баталчихсан. Сүүлийн хоёр жил төсвийн орлого нэмэгдэхгүй, тасалдаж байна гэдэг шүүмжлэлийг тухайн үед өрнүүлж байсан. Тийм учраас төсвийн орлогыг нэмэгдүүлье, царцаасан барилгуудын асуудлыг нэг тийш нь болгоё гэсэн. Цалин тэтгэврийг сүүлийн хоёр жил огт нэмсэнгүй. Ардын намын зүгээс цалин, тэтгэврийг 30-аас доошгүй хувиар нэм гэдэг шаардлагыг тувтан тавьж байлаа. Тийм учраас 2015 оны төсөвт цалин бага хувиар нэмэхээр тусгасан шүү дээ. Ийм байдлаар баталсан төсвөө хоёрхон сарын дараа тодотгоно гээд ороод ирлээ. Бүх намыг нэгтгээд Засгийн газар байгуулчихаад төсвөө тодотгоно гэсэн чинь сахил хүртээд шал дордов гэгч юм болж байна. Цалин тэтгэвэр нэмэх нь битгий хэл, иргэдэд олгодог тэтгэмжийг алга болгоно, татвар нэмнэ гээд оруулаад ирлээ.
Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд ирнэ шүү дээ. Тэгсэн хэрнээ эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй байгаа хэсэгт үйлчлэх таналт, хэмнэлтийн бодлогыг тодотголдоо огтоос тусгаагүй. Жишээ нь архи, тамхи үйлдвэрлэдэг, алтны уурхай эрхэлдэг нөхдүүдийн татварыг хөнгөлнө гээд байна.Ийм байж болох уу даа.
-Хэмнэлт ямар хэлбэрээр байх ёстой юм бэ, таныхаар?
-Хэмнэлт хүн болгонд байх ёстой. Монголчууд бид том хэрэглээтэй байна. Үүндээ бусдыгаа чирээд байх хандлага дийлэнх байна. Монгол ухаан гэдэг чинь юмыг барж биш хэмнэж хэрэглэдэг ухаан. Байгалийн хахир хатуу үед өвлийн идшээ, аргал түлээгээ яаж урт удаан хугацаанд хэрэглэх вэ гэдгээ тооцоолж, хүртээж ирсэн ард түмэн. Энэ зарчмыг би амьдралдаа баримталдаг хүн. Ялангуяа УИХ-д орсноосоо хойш. Олныг төлөөлж яваа хүн сайн үлгэр болох жишээтэй. Надад барья гэвэл Монголын нэг номерт орох том цагаан хөөрөг байна. Монголын бололцоотой бүх хүн тэр хөөргийг авах гэж гуйгаад эзэн нь өгөөгүй юм билээ."Чамайг л гуйвал өгнө. Тэр хөөрөг танай нутгаас гаралтай юм билээ" гэж хүмүүс хэлсэн. Ховдын Бямбадорж гэж сайхан хүн байлаа. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө тэр хүн дээр очиход "Аваргадаа өгөлгүй яахав. Танай нутгийн гаралтай хөөрөг. Нутгийнх нь хүнд өгнө" гээд өгч байлаа. Манай шавь Дагвадорж гэхэд надад 20, 30 мянган ам.долларын үнэтэй алтан цаг өгсөн байдаг. Гэвч би тэр зүйлүүдийг хэрэглэдэггүй. Хэрэглээ бодитой байх ёстой гэж боддог юм. Энгийн утас л барьдаг. Төрийн албанд байгаа хүмүүс гэх мэтчилэнгээр хэрэглээгээ бодитой байлгах хэрэгтэй. Ордны гадаа байгаа том машинуудыг хар даа, та нар. Хашаанд багтахгүй шахам их. Өдөржин нармальдаад л гадаа зогсч байна. Тэрний цаана хичнээн шатахууны зардал гарч байгаа юм бүү мэд. Энэ бүгдийгээ л хэмнэх хэрэгтэй шүү дээ.
Өнөөдөр том том орд газруудыг эрх мэдэлтэй олигархи бүлгүүдөөрийн болгох гээд байна. Сэтгүүлчид та нар харж байдаг юм уу, үгүй юу. Та нар чинькамер энэ тэрээ оруулж ирээд чуулган дээр сууж байвал учиртай байдаг. Гэтэл одоо сэтгүүлчид байнгын хороо, чуулган дээр харагдахаа байж. Яасан гэхээр мэдээлэл авах сүлжээг сайжруулсан учраас зурагтаар бүгдийг харж байгаа л гэх юм. Хол газраас аваад ямар хэмжээнд юу ч болдог юм.
-Дэргэд камер л байхгүй бол үг хэлэх сонирхолгүй байдаг юм уу?
-Хүний харилцаа юм даа. Миний хувьд утсаар ярихаас илүү хүнтэй нүүр нүүрээ харж уулзахыг илүүд үздэг. Бүлээн зүсийг нь харж, халуун сэтгэлээ уудлахыг монголчууд хэзээнээсээ эрхэмлэж ирсэн шүү дээ.
-Өрийн таазын тухайд юу хэлэх вэ?
-Бүгдээрээ хамтарч эвссэн учраас өрийн таазыг нэмээд явах юм шиг байна л даа. Манай өрийн хэмжээ хоног тутам өсч, одоогийн байдлаар ДНБ-ий 55 хувьд хүрчихээд байгаа.
-АН, МАН хамтарсанд нэлээд дургүй байгаа юм аа даа?
-Ямар ч намчирхалгүйгээр улс орныхоо баялгийг ард түмэндээ ашигтайгаар ашиглаж, өмнө нь УИХ-аасгарсан шийдвэр тогтоолуудын хүрээнд ажиллана гэвэл дэмжинэ. 2008 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулсан нэрээр хийсэн гэрээнүүд муу болсон гэдэг нь өнөөдөр батлагдсаар байна. Оюу толгойн орд газраас тэрбум 100 сая долларын борлуулалт хийсэн том компаниас өнөөдөр 70 сая ам.долларыг Монголд оруулна гэж байна. Тэр нь орж байгаа ч юм уу, үгүй юу. Ирэх жил ч гэсэн хоёр тэрбум гаруй ам.долларын борлуулалт хийнэ, тэндээс Монголд 200 сая ам.доллар оногдоно. Үүний талаас илүү хувийг нь өрөндөө суутгаад авчих юм ярьж байгаа шүү дээ. Нөхцөл байдал ийм байхад Оюу толгойн гэрээг сайн болсон гэж хэлэхэд хэцүү. Ийм байдлаар нам дамжсан баян олигархи, гэр бүлүүд нийтийн баялгийг зувчуулах бодлогоо үргэлжлүүлбэл энэ Засгийн газрыг дэмжих ямар ч боломж байхгүй. Шийдлийн гээд байгаа Засгийн газрыг байгуулагдахаас нь эхлээд хараад байхад саар нь давамгайлчихав бололтой. Оруулж ирсэн Төсвийн тодотгол, өрийн таазыг нэмэх гэж байгаа байдал, том ордуудыг явуулахаар шуурхайлж эхэлснээс нь үзвэл шүү дээ.
-Том ордуудыг явуулж байж л манай эдийн засаг сэргэнэ. Үнэндээ өнгөрсөн хоёр жил том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг гацаасан учраас хөрөнгө оруулалт буурч, хамаг орлого тасарсан байх…
-Эдийн засгийг сэргээх тулгуур нь уул уурхай гэдэг нь зөв байх. Гэхдээ анхнаасаа мордохын хазгай болсон. Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг эхнээсээ буруу хийсэн. 2008 онд байгуулагдсан Засгийн газар том ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа өөр ашиг сонирхлын үүднээс хандсан болов уу гэж хардаад байгаа юм. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт багассан нь урт нэртэй хуультай холбоотой гэж л ярьдаг боллоо. Голын эх, ойн эх сан бүрэлдсэн газрыг монголчууд үеийн үедээ хамгаалж ирсэн. Зах зээлд ороод ашиг арилжаа хөөсөн нийгмийнхээ араншинг дагаад "Алт" хөтөлбөр, Ашигт малтмалын тухай хуулийг баталснаар өнөөдөр ган гачигтай, байгаль экологийн тэнцвэр алдагдаж, зун нь зун болохоо байгаад монголчууд үнэндээ хэцүү байдалд орчихлоо. Харамсалтай нь урт нэртэй хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах чиглэлээр аль ч Засгийн газар дорвитой ажиллаагүй. Одоо бүр хуулийг бүхэлд нь хүчингүй болгох хуулийн төсөл өргөн барьчихсан байна. Хөрөнгө оруулалт зогссон хамгийн гол шалтгаан бол эхнээсээ ил тод, гэрээ хэлэлцээрээ зөв хийгээгүйгээс үүдэлтэй. Стратегийн ач холбогдолтой салбаруудыг зохицуулах хууль гэдгийг гаргасан нь ч нөлөөлсөн. Гэх мэтээр олон шалтгаантай. Ер нь улс орныг удирдан явуулах бодлогын алдаа ийм үр дүнд хүргэсэн шүү дээ.
-Энэ парламентад шүүмжлэл хэлж байгаа цөөн гишүүдийн нэг та. Гэхдээ та нарыг популизм хийж, ард түмэнд таалагдах гэж байна гэж хэлдэг. Үнэндээ популистуудаас болж хөрөнгө оруулалт буурсан гэдэг дүгнэлтийг ч хийх нь олонтаа…
-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ анх УИХ-аар орж ирэхэд нь байр сууриа илэрхийлж байлаа. Тухайн үед бид зөвхөн өөрсдийн байр суурь гэхээсээ илүү асуудалд судалгаатай хандаж,эрдэмтэдтэй ярилцаж, санал онолоо солилцсоны үндсэн дээр шүүмжлэл хэлдэг байсан. Тухайн үед бидний шаардаж байсан зүйлүүд зөв байсан нь өнөөдөр батлагдаад л байгаа шүү дээ. Өнөөдрийнх шиг ийм занганд орно шүү гэдгийг тэр үед хэлээд байсан. Бидэнтэй хамт байсан нөхдүүд эрх мэдэлд хүрсэн. Өөрсдийнхөө ярьж байсан асуудлуудыг шийдэх хэмжээнд очсон. Эдийн засгийн хөгжил, уул уурхайн сайд болсон.УИХ-ыг бүхэлд нь мэдэх хэмжээнд хүрсэн. Гэвч бүгд таг алга болсон. Яасан нь мэдэгдэхгүй. Эсвэл "Бид их буруу юм хийж байжээ" гээд одоо уучлал гуйгаад нэг мөр хэлчихвэл амар байх юм. Би лав тав, зургаан жилийн өмнө хэлж байсан байр суурь дээрээ хатуу зогссон хэвээрээ. Тийм болохоор нэг хэсэг нь худлаа эх орончид гэнэ. Зарим нь популист гэж адална. Гэвч байгаа бодитой зүйлийг үнэнээр нь хэлэхээс өөр яах вэ.
-Та сүүлд чуулган дээр алтны роялттай холбоотой үг хэлэх гэсэн боловч тал талаас чинь хашгиралдаад олигтой яриулаагүй. Тэнд хэлж чадаагүй зүйлээ одоо ярьж болно шүү…
-Дэлхийн бусад орнуудад роялт гэдэг үг нэн эртнээс явж ирсэн юм байна. Байгалийнхаа нөөц баялгийг ашиглуулж байгаа учраас ашиг нь ард түмэнд жигд хүртэх ёстой. Тийм учраас баялгийг эзэмшигчийн хувьд төр роялтын татвар авдаг. Байгалийн баялгийнхаа үнэ цэнэ, өртгийг үнэлээд роялтын татварыг тогтоодог юм байна. Гэтэл бид өөрсдийн баялгаа үнэлбэл дэлхийд тэргүүлэх хэмжээнд байна. Ийм давуу тал байхад бид бусдад сул өгч, хямд хоол болгох ёсгүй. Харамсалтай нь хуйвалдаант бүлэглэлүүд ордуудыг яаж үнэ цэнэгүй болгох вэ гэдэг гарц хайдаг. Тийм учраас Монголбанкинд алт тушаавал 2.5 хувийн татвар төлнө гэдэг өөрчлөлт хийсэн шүү дээ. Үүнийг нь ярихаар ундууцаад байна лээ. Яахав УИХ дээр тал талаасаа хэлэлцээд, маргалдаж мэтгэлцсэний үндсэн дээр олонхиороо асуудлыг шийдээд явдаг гэдгийг ойлгодог. Гэхдээ дэндүү хуйвалдаант маягаар явж болохгүй л дээ.
-Нам чинь засагт хамтарчихсан байгаа үед та шүүмжлэл хэлээд байх нь өөртөө дарамт авчрахгүй юу. Ардын нам шүүмжлэл хэлсэн гишүүддээ элэггүй гэдэг шүү дээ…
-Тийм зүйл алхам тутамд л ирнэ шүү дээ.Миний хувьд эх орон ард түмнийхээ нийлэг эрх ашгийн төлөө ажиллах ёстой гэдэг тангараг тавьсан хүн учраас байр суурь дээрээ хатуу зогсох ёстой. Хараад байхад намд албан тушаал сонирхсон, алт эрдэнэс хүсэмжилсэн нэг хэсэг байдаг шиг байгаа юм. Зарим нь нам яана тэрийг дагана, дарга юу гэж хэлнэ биелүүлдэг шиг байгаа юм. Бас ашиг сонирхлоороо нэгдсэн бүлэглэл байдаг бололтой. Ер нь манайд парламентын төлөвшил хэрэгтэй байна. Германд гэхэд тусгай хяналт, хүний эрхийн дэд хороо, аудитын эрх мэдлийг хүртэл сөрөг хүчиндээ өгдөг юм байна. Гэтэл манайх тэгдэггүй. Аль нэг нам нь олон суудалтай болонгуутаа бие даагчдаас эхлээд жижиг, эвсэл намтай хамтраад хүч түрж асуудлыг шийдсээр эцэст нь явах газаргүй намгийн голд суусан шүү дээ. Тэр намгаасаа гарахын тулд одоо парламентад байгаа бүх намыг нэг хөнжилд оруулж авлаа. Ингээд хяналт алга болж байна.Байнгын хороогоор яаж асуудал хэлэлцэж байна, хар. Хэлэлцэж байгаа асуудлыг хариуцдаг сайд нь байнгын хороонд суух ёстой. Сайд нь үзэгдэх нь битгий хэл яамнаас ирж байгаа хүмүүс нь цөөхөн байдаг болж.
-Та бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд чамлахааргүй санал авсан хүн. Эргээд харж байхад юу бодогддог вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ ямар их хариуцлага, нэр хүнд вэ гэдгийг ойлгодог. Надад 523 мянган хүн надад санал өгсөн. Энэ бол чамлахааргүй итгэл. Тэр хүмүүст баярлаж талархаж явдаг. Туулсан ажил амьдралаа бодоод, олон түмнийхээ санаа бодлыг сонссоны үндсэн дээр өнөөдөр үг хэлж, байр сууриа илэрхийлж явна.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа таныг намдаа нэлээд шүүмжлэлтэй ханддаг болсон гэлцдэг. МАХН руу явна гэдэг яриа ч удаан дагадаг…
-Намаас гарч, орох тухай асуудал байхгүй. Би монгол, тэр дундаа бөх хүн. Монгол ахуйдаа өсч хүмүүжихдээ аливаа тууштай байх чанарыг олж авсан. Болж байгаа асуудлуудад шударга талаас нь хандаж хэлэх зүйл бий. Түүнээс биш одоогийн зарим улстөрчид шиг ар хударгаар элдэв зүйл ярьдаг, гүжир гүтгэлэг тараадаг зүйл огт суралцаагүй.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
Зочин · 2015/01/21
энэ хоёр чинь сиамын ихрүүд шүү дээ, хоёр тусдаа нам гэж бодоод байгаа юмуу, зүгээр л жүжиг, нэг нам гээд өөрсдийгөө зарлачих гэхээр ардчилал гэдэг хоосон үг нь байхгүй болчих гээд, хоёр нам болж тоглодог байхгүй юу даа, ард түмэн үүнийг мэдэхгүй хөөөрхиййй
Зочин · 2015/01/21
МАН-хан үнэхээр ********** юм аа. Наад ардчиллын дуракуудтайгаа хамтрахгүй байж байгаад өөрсдийнх нь хийсэн ялыг нь өөрсдөөр нь үүрүүлэх, тэгээд 2016 онд ард түмэнтэйгээ нийлж 100 хувь ялаад АРд/намынханг бүгдийг нь барьж хориод Монгол улсын эсрэг явуулсан үйл жил**********ны чинь төлөө гэж зар лаж байгаад ялыг нь уншиж арчиж хаях ёстой байсан юм даа