Монгол поп операг үндэслэгч “Увертюра” хамтлагийн таван жилийн ой өнгөрөгч онд тохиож олон гайхалтай уран бүтээлүүдийг сонсогч фенүүддээ өргөн барьж, Монгол орон даяар аялан тоглолтоо хийж, олон олон цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулсан билээ.

    Өнгөрсөн хугацаанд олон сайхан уран бүтээлүүдийг туурвиж түмэн олонд хит болгон хүргэсэн тус хамтлаг 2012 онд “Удиртгал” хэмээх цомгийн баяраа “Од” театрт, 2013 онд “...Төгсгөлгүй-эхлэл...” нэртэй тоглолтоо “УДЭТ”-т, мөн “Улаанбаатар палас”-д үзэгчдийн хүсэлтээр тоглосон бол, 2014 онд “...Төгсгөлгүй-эхлэл...” нэртэй тоглолтоо Монгол орон даяар зохион байгуулж, 2014 оны намар 5 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо Их эзэн Чингис хааны талбайд амжилттай зохион байгуулсан билээ.

   Монголын урлагт өөрийн өнгө төрх, орон зайг хэдийнэ бий болгосон “Увертюра” хамтлаг ирэх сарын 8-нд буюу олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “UVERTURA UNPLUGGED LIVE CONCERT”-оо маршал таун хотхоны “Luxury” ресторанд хийхээр болжээ. Тус тоглолтоо 100% амьд хийж, үзэгч түмэнд урлагийн гоо зүйг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат нар оролцож, гоо үзэсгэлэн төгс төгөлдөрийн илэрхийлэл болсон эмэгтэйчүүдийгээ магтан дуулах гэнэ. Ингээд ирэх сарын 8-нд буюу олон улсын эмэгтэйчүүдийн баяраар урлагийн сайхныг мэдэрч нэгэн үдэш хамтдаа цэнгэх урилгыг “Увертюра” хамтлагаас уншигч танд хүргүүлж байна.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...