Зам дагаж хөгжил ирдэг гэдэг. Сүүлийн жилүүдэд манай улс 21 аймгаа холбосон хатуу хучилттай замыг барьсан.

Хуучин шороон замаар хэдэн өдөр тоос манарган давхидаг байсан үеийг уншигч та санаж байгаа биз. Харин өдгөө зам тавьсан цагаас эхлэн Нийслэл хотоос Өвөрхангай аймаг руу өдөртөө давхисаар очдог болсон. Тэгвэл зам сайжрахын хэрээр зам тээврийн осол хөдөө орон нутгийн зам дээр нэлээдгүй гарах болсон гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлж байна. 

Манай улсын хувьд 2011 онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 2875 бүртгэгдэж, зам тээврийн ослын шалтгаанаар 362 хүн нас барж байсан бол 2014 онд 2143 гэмт хэрэг бүртгэгдэж 654 хүн нас барсан нь гэмт хэргийн гаралт буурсан хэдий боловч нас барсан хүний тоо 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа нь орон нутагт хатуу хучилттай зам ихээр баригдах болсонтой холбоотой ажээ. 

Судалгаанаас харахад хатуу хучилттай зам шинээр тавигдсан аймгуудад нас баралтын тоо 50 хувиас 2 дахин нэмэгддэг байна. Цаашид бүх аймгуудын төвийг хатуу хучилттай авто замаар холбох ажлын хүрээнд хяналт шалгалтад ажиллах алба хаагч, техник хэрэгслийг нэмэгдүүлэхгүй, шинэ техник технологийг нэвтрүүлэхгүй, одоогийн байгаа түвшиндээ байсан тохиолдолд 2016-2017 онуудад нас баралт 1000 орчим болох төлөвтэй байгаа гэдгийг албаныхан онцлов.  Өөрөөр хэлбэл 2011 онд өдөрт нэг хүн зам тээврийн ослоор нас барж байсан бол 2014 онд өдөрт хоёр хүн болж, цаашид өдөрт гурван хүн зам тээврийн ослын шалтгаанаар хорвоог орхино гэсэн үг юм. 2013 онд 38, 2014 онд 48 хүүхэд зам тээврийн ослын шалтгаанаар амиа алджээ.

Зам тээврийн нийт ослын 10 гаруй хувь нь орон нутагт гарсан зам тээврийн осол эзэлж байгаа боловч түүнээс шалтгаалсан ослын улмаас нас барсан хүний тоо 75 хувь, гэмтсэн хүний 50 хувийг орон нутагт гарсан зам тээврийн осол эзэлж байгаа юм. Орон нутагт гарсан ослын тоо нийслэлээс 9 дахин бага боловч учирч буй хохирол их байна.  Тодруулбал, нас барсан 3 хүн тутмын 2, гэмтсэн 2 хүн тутмын 1 нь орон нутагт гарсан зам тээврийн осол, хэргийн улмаас нас баржээ гэсэн судалгаа гарчээ.

Энэ бүгдийг сийрүүлэн буулгахын учир нь удахгүй дулаан орохоор хатуу хучилттай зам нэмж барих гэж байгаатай холбоотой юм.  Алтай-Дарви чиглэлийн 165 км хатуу хучилттай автозам, Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн автозамын төсгөлийг холбох 112.7 км хатуу хучилттай автозамын төсөл болон Сонгино сум-Хяргас нуурын чиглэлд 135.5 км хатуу хучилттай автозам барих төслүүдэд концесс байгуулахаар болсон байна. Замыг сайжруулан барих нь зөв ч гэлээ эргэлт, тойргийн мэргэжлийн инженер нарыг ажиллуулж стандарт, нормын дагуу барихыг сануулах гэсэн юм. 

Сүүлийн жилүүдэд эрдэнэт хүний амь насыг олноор нь авч одох болсон зам тээврийн ослын шалтгааныг хатуу хучилттай зам болоод байна гэдгийг анхааруулан хэлж буй ч энэ зуунд тоостой замаар халтиргаат байлтай нь биш. Тиймээс эл асуудлыг хаа хаана аа бодох цаг хэдийнээ ирсэн гэдгийг санахад илүүдэхгүй буй за. 

Түүнчлэн Өлзийт хорооллоос Биокомбинат Шувуун фабрик чиглэлийн 9,6 км замыг шинэчилж, өргөтгөсөн зам хоёрхон сарын нүүрийг үзсэн бодит жишээ бий. Тодруулбал, арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн зам хоёр сарын дараа гэхэд хайргатай сул шороо болсон. Уг нь 1991 онд эхлэл нь тавигдсан долоон метрийн өргөнтэй хоёр км замыг өнгөрсөн жилийн тавдугаар сараас эхлэн шинэчилж есөн метр өргөнтэй болгосон гэдэг. Тэгэхдээ замын хоёр талаар гурван метрийн явган хүний зам тавьсан байна. “Хайс хашлага, явган хүний зам нь яахав гэхэд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр буюу 20,5 тэрбум төгрөгийн өртгөөр баригдсан  тус замаар явахад хүндрэлтэй болсон түүх бий. Энэ мэтчлэн төсөв мөнгийг салхинд хийсгээд баймааргүй байна. 

Х.Даваа