Нийтийн тээврийнхний “шантааж”
2015/03/13
Автобусны жолооч, кондукторууд жилийн жилд нийтэд хэрэгтэй чухал салбар гэдгээрээ шантаажилж цалингаа нэмүүлдэг. Энэ жил ч үндсэн цалингаа 35-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардсан. Уг нь нийтийн тээврийнхэн ажилчдынхаа үндсэн цалинг 25 хувиар нэмэх санал гаргасан ч тэд голсон. Харин жолооч, кондукторууд үндсэн цалинг 35-аас доошгүй хувиар нэмэхийг шаардаж, биелүүлэхгүй бол өнөөдөр ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Гэтэл эдийн засаг хямралтай, бүгдийг хасч, танана гэгдэж байгаа энэ үед цалин нэмэх эсэх нь эргэлзээтэй юм. Одоогоор автобусны жолоочид 1.1 сая төгрөг, кондуктор 750 мянган төгрөгийн дундаж цалинтай. Сая гаруй төгрөг гэдэг бусад салбарын ажилчдынхаас дутахааргүй өндөр цалин гэсэн үг. Тухайлбал, төрийн албан хаагчдын дундаж цалин 500 мянган төгрөг. Нийтийн тээврийнхнийг бодвол хоёр өдөр амардаг гэдгээрээ ялгаатай. Ямар ч байгууллагын ажилчид цалин хөлсөө нэмүүлэхийг хүсч буй. Гэтэл эдийн засгийн хямралын үед ийм шаардлага тавьж байгаа нь цаг үеэ олоогүй шантааж гэдгийг хүн бүр л хэлж байна. Хэрэв нийтийн тээврийнхэн ажил хаявал нийслэлчүүд ажил, сургуульдаа явж чадахгүйд хүрнэ. Гэтэл үйлчилгээгээ сайжруулахгүй хэрнээ цалингаа нэмүүлнэ, ажил хаяна гэж байгаа нь нийгэмд хамгийн чухал салбар гэдгээрээ түрий барьж байгаа явдал юм. Товчхондоо нийтийн тээврийнхэн иргэдийн зайлшгүй хэрэгцээнд тулгуурлан шантааж хийж байгаа нь дэндүү увайгүй үйл гэдэгтэй санал нийлэх хүн олон байгаа нь гарцаагүй. Тэдний цалин нэмэгдлээ гээд гаргадаг зөрчил дутагдал нь багасахгүй нь харамсалтай. Өнгөрсөн оны эхний зургаан сарын байдлаар л гэхэд нийтийн тээврийн жолоочид 500 гаруй осол гарган 140 хүн гэмтээж дөрвөн хүний амь насыг хохироосон байна. Тэд цалингаа нэмүүлж болно. Түүний хажуугаар үүрэг хариуцлагаа ухамсарлах шаардлагатай. Автобусны жолооч, кондукторууд үүрэг гэхээсээ урьтаж, эрхээ эдэлж мэддэг улс. Хүнд нөхцөлд ажилладаг, олон хүнтэй харьцаж, стресстэй байдаг хэмээн өөрсдийгөө өмгөөлдөг ч энэ нь хүмүүстэй зүй бус харьца шалтгаан биш юм. Иргэдийн дийлэнх нь өглөө ажил, хичээлдээ явахын тулд зайлшгүй нийтийн тээврээр үйлчлүүлэх болдог. Гэвч нийтийн унаанд суугаад кондукторт загнуулна. Тэр дундаа цахим картаар үйлчлүүлж буй оюутнууд ад үзэгдэх нь энгийн үзэгдэл болсон. Иргэдийн ярьдагчлан “Жолооч, кондукторын харилцаа туйлын муу” гэж хэлж болно. Хамгийн сүүлийн жишээ татахад автобусны кондуктор, зорчигч бүсгүйтэй нийлж нэгэн эмэгтэйг нүүр нүдгүй зодож, гоо сайхан, эрх чөлөөнд нь халдсан хэрэг энэ сарын7-ны өдөр гаржээ. Нийтийн тээврийн жолооч, кондуктор хэд хэдэн үүрэгтэй байдаг. Тухайлбал, жолооч нь хөдөлгөөний үед жолоочийн кабинд хажуудаа хүн суулгах, бусадтай зүй бусаар харьцах, гар утсаар ярих, тамхи татах, зааланд дуу хөгжим чангаар тавих. Буудал хооронд хурд хэтрүүлэн явахыг хориглодог аж. Харин кондуктор буюу зорчигчтой соёлч боловсон харьцан, хөнгөн шуурхай үйлчилнэ. Үйлчилгээний явцад эцсийн ба дундын буудлуудын нэр байршил, үнэ, тариф зэрэг үйлчилгээтэй холбоотой мэдээ мэдээллээр ханган ажиллана гэж заасан байдаг. Мөн тасалбар өгөхгүйгээр мөнгө хураахыг хориглодог байна. Гэтэл улсын, хувийн аль ч нийтийн тээврийн компанийн автобусанд дээрх үүргийг биелүүлдэг жолооч, кондуктор байхгүйтэй адил. Зорчигчтой зүй бус харьцаж, эрхэнд нь халдах энүүхэнд. Мөнгө аваад тасалбар өгдөггүй кондукторууд мэр сэр байж л байдаг. Жолооч нь тамхи татдаг, архи үнэртүүлдэг, дурын газраа зогсч зорчигчдыг өөр автобусанд шилжүүлэн чирэгдүүлдэг, чиглэлийн бус замаар явдаг. Кондуктор нь зүй бус үг хэллэг хэрэглэдэг, тасалбараа өгдөггүй, насанд хүрээгүй хүүхдээс том биетэй гэж мөнгө нэмж авна эсвэл хөөж буулгана. Оюутнуудыг гадуурхан илүү үзнэ гээд тоочоод байвал мундахгүй. Иргэд ч энэ бүхнийг өдөр бүр ярьдаг. Гэвч энэ зөрчил хэзээ ч арилдаггүй. Тиймээс цалинг нь нэмбэл үүрэг, хариуцлагыг нь ч нэмээд өгөх хэрэгтэй юм.
Ж.Дамдинсүрэн: Хүнээ булаацалдаад байгаа учир үйлчилгээ сайжирч чадахгүй байна
Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэнтэй нийтийн тээврийнхний цалин нэмэх асуудал болон үйлчилгээний талаар ярилцлаа.
-Нийтийн тээврийнхэн цалингаа 35-аас дээш хувиар нэмүүлнэ гэж байна. Гэтэл эдийн засаг хямралтай, хаа сайгүй төсвийг танаж байхад цалинг нэмэх шаардлагтай юм уу. Үүнд танай холбоо ямар байр суурьтай байна вэ?
-Цалин нэмүүлэх тал дээр төрийн өмчит компаниуд л санал тавьж байна. Автобус-1, Автобус-3, “Цахилгаа тээвэр” гэх компаниудыг нэгтгэж өнгөрсөн аравдугаар сараас Зорчигч тээврийн нэгтгэл гэж бий болсон. Өмнө нь“Автобус компани, Цахилгаан тээвэр”-ийн цалин, цалинг боддог систем нь өөр өөр байсан. Харин эдгээр компани нэгдсэнээр аль компанийнх нь өгдөг байсан цалингаар тогтсоныг нь мэдэхгүй. Харин цалинг нэгтгэхэд хэн нэгийнх нь цалин дээшээ, доошоо болж өөрчлөлтөд орсон байж магадгүй юм. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Засгийн газар нийлж тарифын хэлэлцээр байгуулдаг. Өмнө нь байгуулсан тарифын хэлэлцээр энэ онд дуусах ёстой. Энэ хэлэлцээрт цалин мөнгөний асуудал нь шийдэгдэхгүй байгаа болохоор автобус компаниудын үйлдвэрчний эвлэл, ажилчид нь ажил хаях гэж байгаа юм байна гэж би ойлгож байна. Инфляцын өөрчлөлтөөс хамаарч улсын хэмжээнд бүх л хүний цалинг нэмэх ёстой. Төрийн байгууллага өнгөрсөн жил цалин нэмсэн. Энэ жил ч нэмэхээр улсын төсөвт тусгасан байдаг. Харин хувийн хэвшил болон төрийн өмчит нийтийн тээврийн газарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин нэмэгдэхгүй байна. Тиймээс ийм шаардлагыг тавьж байна гэж ойлгож байна.
-Хувийн хэвшлийн нийтийн тээврийнхэн цалин, хөлсөө нэмүүлэх тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Хувийн хэвшлийнхэн цалин нэмүүлэх талаар сонсоод мөн л байгууллагууд руугаа цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байгаа.
-Нийтийн тээврийнхэн жил бүр л цалин хөлсөө нэмүүлнэ, ажил хаяна гэж байдаг. Гэтэл үйлчилгээний тал дээр олон зөрчил, дутагдал байдаг шүү дээ. Үүнийг зохицуулах боломж бий юү?
-Үйлчилгээний соёл, чанарын хувьд ярьж байгаа зүйл бий. Нийтийн тээвэрт хоёр мянга гаруй кондуктор ажиллаж байна. Толгойтоос- Нарантуул ороход өдөртөө долоо, найман удаа явж байна. Мянга орчим хүнд үйлчилж байна. Энэ олон үйлчилгээний харилцааны давхцал дунд зөрчил гарах явдал гардаг. Үүнийг товойлгох шаардлагагүй. Үйлчилгээний соёл өдөр ирэх тусам сайжирч байгаа. Яагаад манай улсад нийтийн тээвэр гадаадынх шиг сайн болохгүй байна гэвэл, нийтийн тээврийн үйлчилгээ олсон орлогоороо санхүүждэг. Орлогоо олохын тулд зам дээр уралдаж, хүнээ булаацалддаг. Тиймээс үйлчилгээ сайжирч чадахгүй байна. Нэг шугамд олон авто бус давхацсан байдгаас хүнээ булаацалдаг, түүнээсээ цалин хөлс нь ха мааралтай байгаа болохоор нийтийн тээврийн үйлчилгээ сайжирна гэж байхгүй. Үүнийг сайжруулах үүднээс Э.Бат-Үүл дарга автобусыг орлогоос нь хамааралгүй болгож, 10 хоногийн туршилтын ажлыг өнгөрсөн жил хийсэн. Иргэд тэр туршилтыг “Хүн чирэгдүүлсэн” гэж шүүмжилсэн. Гэтэл яг нарийндаа үр дүнтэй ажил байсан. Одоо энэ систем рүү орж бүх орлогыг төвлөрүүлж, жолооч, кондуктор хүндээ л үйлчилдэг болбол нийтийн тээврийн үйлчилгээ сайжрах боломжтой.
-Оюутны смарт картаар 22.00 цаг хүртэл үйлчлэх ёстой байдаг. Гэтэл кондукторууд21.00 цагаас хойш явуулахгүй, мөнгө нэхэх явдал байдаг. Үүнд хяналт тавьж, хариуцлага тооцдог уу?
-Нийтийн тээврийн үйлчилгээ ажлын өдрүүдэд хэдэн цагт эхэлнэ, хэдэн цагт зогсоно тэр хүртэл оюутнуудад үйлчлэх ёстой. 21.00 цагаас хойш явуулахгүй байгаа нь тухайн өдөр явж байгаа кондукторын буруутай үйл ажиллагаа. Үүнд хариуцлага тооцох гэхээр баримттай мэдээлэл байдаггүй. “Төд дугаарын автобус, төдөн цагт картаар явуулахгүй мөнгө нэхэж байна” гэсэн баримт нь байвал хариуцлага тооцно. Гэтэл баримтгүй хэр нь мөнгө нэхээд байна гээд байдаг. Гэтэл хэн, хэзээ нь тодорхойгүй болохоор хариуцлага тооцох боломжгүй.
М.Энхцэцэг
Зочин · 2015/03/15
Дээрхийг бичсэн нөхөр ажлын 7 хоног өглөө болгон 4:30 цагт босоод орой 23:30 хүртэл автобусанд сэгсчүүлээд яваад үз, 1 ч өдөр болохгүй үхнэ биз. Тэгээд ч наад бичсэн цалин чинь худлаа байна. Ажил хийж байгаа хүмүүсийг битгий гүтгэ.