У.Баярсайхан хойд бүсийн наадамд түрүүллээ
2015/03/18
Дархан-Уул аймагт энэ сарын 17-нд “Тулах багана” нэртэй цэрэг, эх орны сэдэвт хойд бүсийн яруу найргийн наадамд МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайхан түрүүллээ. Тус наадам нь энэ жил хоёр дахь удаагаа зохиогдсон бөгөөд тус аймгийн “Лха” телевизийн сэтгүүлч Л.Отгонбаатар санаачлан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, мөн аймгийн соёл урлагийн газар, “Манлайлал” клүб хамтран зохион байгуулсан юм. Наадмын хоёр, гуравдугаар байрт Н.Төмөртогоо, М.Насанбат нар шалгарсан бол тусгай байрын эзэдээр Н.Шоопор, О.Одмандах нар тодорсон. Наадамд Сэлэнгэ, Эрдэнэт, Дархан-Уул аймгийн 27 найрагч шүлгэн хүлгээ сойсон. Айргийн гуравт “давхисан” найрагчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан бол тусгай байрынханд өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан.