Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх 7 хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар зохион байгуулахаар тогтсон байдаг. Энэ жилийн гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.

   

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах байнгын ажиллагаатай зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын Засгийн газрын санхүүжилтээр “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем”-ийг байгуулах, зарлан мэдээлэх үйл ажиллагаанд техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс уг систем бүрэн ажиллаж эхэлсэн. Газар хөдлөлтийн үед болон дадлага сургуулийн зарлан мэдээллийн дохиог Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд Нийслэлийн 9 дүүрэгт шинээр суурилуулсан орчин үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын цамхгаар дамжуулан ажиллах юм.

Онцгой байдлын ерөнхий газар дахь зарлан мэдээлэх удирдлагын төвөөс Улаанбаатар хотын хэмжээнд суурилуулсан дуут дохиоллын зарлан мэдээлэх 60 ширхэг цамхаг, дахин дамжуулах 4 бааз станц, өргөн нэвтрүүлгийн олон нийтийн 3 телевиз (МҮОНРТ, UBS, Монгол HD), 9 FМ (Улаанбаатар FM 102.5, Авто радио 96.3, Гэр бүлийн радио 104.5, Лавайн эгшиг 97.5, Монголын үндэсний радио 106, Шинэ долгион радио 107.5, Бэст радио 98.5, Хамаг Монгол радио 95.1, Тэнгэрлэг радио 103.6), Одон орон геофизикийн судалгааны төв, Цаг уур орчны шинжилгээний газар, Мобиком, Юнител ХХК-уудтай холбогдож үйл ажиллагаагаа 24 цагийн туршид тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийн үеэр зарлан мэдээллийн харилцаа холбооны бүх боломжит сувгуудыг ашиглан явуулах юм. Үүнд,

  • Иргэдэд хүртээмжтэй байх үүднээс дуут дохиоллын 60 цамхгийн чанга яригч болон цахим мэдээллийн самбараар гамшгийн аюулын дохио, шууд яриа, үсгэн мэдээ явуулах,
  • Өргөн нэвтрүүлгийн МҮОНРТ, UBS, Монгол HD телевизүүдээр шууд яриа болон урсдаг мэдээ, зурагтайгаар явуулах,
  • Өргөн нэвтрүүлгийн 9 FМ (Улаанбаатар FM 102.5, Авто радио 96.3, Гэр бүлийн радио 104.5, Лавайн эгшиг 97.5, Монголын үндэсний радио 106, Шинэ долгион радио 107.5, Бэст радио 98.5, Хамаг Монгол радио 95.1, Тэнгэрлэг радио 103.6) – ээр шууд яриа явуулах,  
  • Иргэдийн Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайлийн утсанд мессэж хэлбэрээр хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг 16:00-17:00 цагийн хугацаанд тодорхой давталттайгаар явуулна.

      Мөн сургууль дадлагын үеэр зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхаг суурилагдаагүй, сул сонсогдож байгаа алслагдсан дүүрэг, хороодод онцгой байдал, цагдаа, эмнэлгийн яаралтай тусламжийн шуурхай албаны автомашины дуут дохиоллын төхөөрөмж, чанга яригчаар иргэдэд зарлан мэдээллийг хүргэх болно.

      Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал, үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах  ач холбогдолтой юм.

      Иймд иргэд дуут дохио дуугарах үеэр айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхтэй оролцохыг зөвлөж байна.