Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Баярсайханд хариуцлага тооцжээ
2015/03/25
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын 2012 оны сонгуулиар Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр бүхий дөрвөн хүнийг сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх шүүхийн шийдвэрээр эгүүлэн татсан.
Тэдний оронд намын жагсаалтаар сонгогдсон Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Б.Ганбат, Д.Алдармаа нарын бүрэн эрхийг Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 228 дугаар тогтоолоор мөн хүчингүйд тооцон, дээрх сонгуулийн хэсгүүд дээр нөхөн сонгууль явуулахыг аймгийн ИТХ-д даалгасан шийдвэр гаргасан билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ...”, Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна...”, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ”, мөн зүйлийн 5.3-д “Захиргааны хэргийн шүүхийн актыг биелүүлээгүй этгээдэд энэ хууль, Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актад заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус хуульчилсныг аймгийн ИТХ-ын дарга Д.Баянжаргал үл тоосоор ирсэн.
Тухайлбал улсын дээд шүүхийн нөхөн сонгууль явуулахыг даалгасан шийдвэрийг 1 жил 3 сар гаруй хугацаанд хэрэгжүүлэхгүй байгаагийн дээр шүүхийн шийдвэрээр төлөөлөгчийн бүрэн эрх нь хүчингүйд тооцогдсон Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Д.Алдармаа нарыг өнөөдрийг хүртэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хууль зөрчин оролцуулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсаар ирсэн байдаг.
Говьсүмбэр аймгийн иргэд, сонгогчид аргагүйн эрхэнд Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлж нөхөн сонгуулийг товлон зарлах, Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Д.Алдармаа нарыг аймгийн иргэдийн Хурлын үйл ажиллагаанд оролцохыг таслан зогсоохыг Хурлын дарга Д.Баянжаргал болон Тэргүүлэгчдээс шаардсан шаардлага бүхий тайван цуглааныг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д тунхагласан “тайван ... цуглаан хийх ...” эрхийнхээ дагуу Монгол Улсын Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн хүрээнд 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахыг төлөвлөсөн боловч тухайн өдөр зорилго, төлөвлөгөө нь өөрчлөгдөж зөвхөн Хурлын даргад шаардах бичиг гардуулж өгснөөр тухайн арга хэмжээг дуусгажээ.
Тэд цуглаан зохион байгуулахаар төлөвлөхдөө Монгол Улсын Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу цуглаан хийх мэдэгдлээ сумын Засаг даргад хүргүүлсэн байдаг ба өмнөх өдрүүд нь нийтээр амрах өдрүүд таарч байсан.
Монгол Улсын Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулинд цуглаан хийх тухай мэдэгдлийг сумын Засаг даргад хүргүүлнэ гэснээс зөвшөөрөл авна гэсэн зохицуулалт байхгүй ба Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагддаг бүхий л жагсаал, цуглааныг зохион байгуулагчид зөвхөн мэдэгдлээ харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүргүүлсний дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулдаг нийтлэг жишиг нэгэнт тогтсоныг бүгд мэднэ.
Харин тухайн шатны Засаг дарга зөвхөн Монгол Улсын Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан үндэслэл байвал бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргах ба бусдаар иргэдийнхээ эрхийг хязгаарлах эрхгүй, хэрэв зөрчвөл өөрөө хуулийн хариуцлага хүлээхээр заасан нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийнхээ үндсэн эрхийг хангуулах зорилгыг агуулсан зохицуулалт юм.
Гэтэл хууль сахиулах үүрэгтэй аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Ч.Баярсайхан нь аймгийн Засаг дарга, АН-ын дарга Л.Одсэрийн дохио зангаагаар хөдөлж цуглаан зохион байгуулахыг төлөвлөсөн, Хурлын даргад шаардлага хүргүүлсэн иргэдийг “мөрдөн мөшгөх, Цагдаагийн байгууллагын нэрээр айлган сүрдүүлэх, баривчлана гэж дарамтлах, заавал хэрэг тохох ”-ыг улайран оролдсон нь Цагдаагийн албан хаагчийн эрхэм нэр төрийг гутаасан, хууль зөрчсөн үйлдэл болсон байна .
Түүний үйлдэл нь өөрөө Үндсэн хуулиараа хүний эрхийг баталгаажуулсан, эрх зүйт төр бүхий манай улсын хувьд жигшин зэвүүцмээр, ардчиллын үнэт зүйлийг гутаасан, хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн иргэдээс энэ талаарх гомдлоо Цагдаагийн байгууллагын удирдлагад хүргүүлсний дагуу холбогдох шалгалтын ажиллагааг орон нутагт нь ирж хийснээр хурандаа Ч.Баярсайханы үйлдэл буруутай гэдгийг тогтоосон байна.
Шалгалтын дүнг хэлэлцсэн ЦЕГ-ын удирдлагын хуралдаанаас Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Баярсайханд албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 2О хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсныг иргэд шударга ёсонд нийцсэн шийдвэр боллоо гэж үзэн талархаж байна.
Цагдаа · 2015/03/27
ЦАГДААГИЙН ХУРАНДАА ХҮН ХЭН НЭГ УЛС ТӨРЧИЙН ЗААВРААР АЖИЛЛАНА ГЭДЭГ ГУТАМШИГ ШҮҮ. ЦАГДААГИЙН НЭР ТӨРИЙГ ЭРХЭМЛЭХ ХЭРЭГТЭЙ.
Зочин · 2015/03/26
ийм шийтгэл гэж юу байсан юм хуулийн байгуул**********с зайлуулах хэрэгтэй шүү дээ