Өнгөрсөн онд манай улсын 86 иргэн харь оронд ажиллаж, амьдарч байхдаа амиа алджээ. Тэдний дийлэнх нь өвчний улмаас, үлдсэн цөөн хувь нь автын болон үйлдвэрийн осол, бусдын гарт амиа алдсан байдаг аж. Харин 2015 он гарснаас хойш Монгол Улсын 24 иргэн гадаадад амь насаа алдсан тухай албаныхан хэлж байна. Харамсалтай нь, тэдний хоёр нь бусдын гарт, зэрлэгээр хөнөөгдсөн юм. Дээрх хэргийн талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд захирал Б.Болдоос тодрууллаа. 
 

-Францад энэ сарын 13-нд манай улсын иргэн бусдын гарт амиа алдсан. Хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа явж байна вэ?
 

 -Бүгд найрамдах Франц улсад Монгол Улсын иргэн О гэх эмэгтэй бусдын гарт амиа алдсан болох нь тогтоогдсон. Хэрэг гарсан дариуд манай Элчин сайдын яам болон холбогдох хууль хяналтын байгууллагууд шуурхай ажиллаж, сэжигтнийг саатуулаад байна. 
 

-Талийгаач эмэгтэй нөхрийнхөө нууц амрагийн гарт амиа алдсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү? 

 

-Энэхүү хэрэгт Монгол Улсын нэг иргэнийг сэжигтнээр татан шал гаж байгаа. Гэмт эт гээдийг энэ сарын 14-нд саатуулсан. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа болохоор дэлгэрэнгүй мэ дээлэл өгөх боломжгүй байна. 
 

-Талийгаачийн ар гэрийнхэн Францыг зорьсон гэж сонссон? 
 

-Одоогийн байдлаар амиа алдсан эмэгтэйн ар гэрийнхэн Францад очоод байгаа. Тус улсад байгаа манай Элчин сайдын яамнаас шаардлагатай бүхий л туслалцааг үзүүлж байна. 
 

-БНХАУ-ын Эрээн хотод бас нэгэн Монгол эмэгтэй бусдын гарт амиа алдсан. Бидэнд байгаа мэдээллээр гэмт этгээдийг саатуулан шалгаж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 
 

-Энэ сарын 18-нд шилжих шөнө БНХАУ-ын Эрээн хотод Монгол Улсын иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хамгийн сүүлд авсан мэдээллээр гэмт этгээдийг Эрээн хотоос 1000 гаруй км зайд байх нэгэн хотоос баривчилсан гэсэн. Одоогоор түүнийг Эрээн хотын цагдаагийн газар хорьж, мэдүүлэг авч байгаа. 
 

-Ямар учраас талийгаачийн аминд хүрсэн юм бол. Гэмт этгээдийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу? 
 

-Ямар ч боломжгүй. 
 

-Яагаад тэр вэ? 
 

-Тодорхой мэдээлэл хараахан ирээгүй байна. Тэгээд ч хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа. 
 

-Тэгвэл талийгаачийн шарилыг хэзээ авч ирэх вэ? 
 

-Эрээн хот дахь Консулын газраас БНХАУ-ын холбогдох байгууллагад хүсэлт тавьсан. Энэ дагуу талийгаачийн цогцсыг өчигдөр / уржигдар/ хилээр нэвтрүүлсэн. 
 

-Хэд хоногийн өмнө танай яамнаас Монгол Улсын хоёр эмэгтэй АНУ-д амьдарч байхдаа бусдад хүчирхийлүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл өгсөн. Хохирогчдын биеийн байдал, сэтгэл санаа ямар байгаа бол?
 

 -АНУ-ын Виржина мужид энэ сарын 8-нд манай улсын хоёр эмэгтэйд мансууруулах бодис хэрэглүүлж хүчирхийлсэн байх магадлалтай хэрэг гарсан. Бидэнд ирсэн мэдээллээр бол хохирогч хоёр эмэгтэйн биеийн байдал хэвийн байгаа гэсэн. Тухайн хэргийг мөрдөж байгаа мөрдөн байцаагчтай нь өдөр бүр холбогдож байна. Гэхдээ яг хүчирхийлүүлсэн эсэх нь эцсийн байдлаар тогтоогдоогүй. Учир нь, шинжилгээний хариу хараахан гараагүй. Энэ хэрэгт хоёр залууг сэжигтнээр татан шалгаж байна. 
 

-Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин С.Билгүүн БНХАУ-д аялан тоглолтоор явж байхдаа зам тээврийн ослоор амиа алдсан. Эл хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа явж байгаа вэ? 
 

-Энэ талаар албан ёсны мэдээлэл алга. 
 

-Гэхдээ талийгаачийн аминд хүрсэн хятад жолоочийг саатуулан шалгаж байгаа биз дээ? 
 

-Тийм
 

-Шүүх хурал нь товлогдоогүй гэж ойлгож болох нь ээ? 
 

-Тийм ээ. Бидэнд албан ёсны тодорхой мэдээлэл ирээгүй байна. 
 

-Малайзад манай улсын хоёр ч иргэн бусдын гарт амиа алдсан. Хамгийн сүүлд Энхтуяа гэгч эмэгтэй хар тамхи, хүний наймааны золиос болсон. Энэ хэргийн талаар мэдээлэл өгнө үү? 
 

-Энэ тухай мэдээлэл өгөх боломжгүй. Тодорхой мэдээлэл алга. 

 

Б.Төрбат