ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 409 дүгээр ангийн алба хаагчийн биед халдсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус ангид ял эдэлж байгаа ялтан Ж нь үүрэг гүйцэтгэж байсан харуул хамгаалалтын албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйгээр барахгүй биед нь халдаж, гэмтэл учруулсан байна. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эх сурвалжаас тодруулахад “Тийм зүйл болсон нь үнэн. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Энэ мэт хорих ангийн албан хаагчдын биед ялтан халдаж, гэмтэл учруулсан тохиолдол нэлээдгүй их байдаг гэдгийг өөр нэг эх сурвалж хэллээ. Бас нэгэн жишээ дурьдахад өнгөрсөн гуравдугаар сард Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд сэжигтнээр татагдан хоригдож байсан хоригдогч Б нь албан үүргээ гүйцэтгэж байсан албан хаагчийн мөрнөөс хазаж махыг нь өмөлсөн, эрүүл мэндийн үзлэг хийж байсан сувилагчийг мөргөн унагааж, өшиглөсөн зэрэг хэргүүд гарч байжээ. Энэ мэт бодит жишээнүүдээс харахад төрийн албан хаагчдын эрх ихээр зөрчигдсөөр байна.