Н.Удвал сайд оюутан байхдаа ангийнхандаа хичээлээ ярьж өгдөг байжээ
2013/06/04
Хүний их эмч Д.Долгорсүрэн: “Гараа хугалчихаад акттай байх үедээ хоёр бурхан оёсон. Их л хөдөлмөрч хүн дээ...”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд зориулан, түүнтэй 1978 онд Анагаах ухааны дээд сургуульд нэг ангид сурч байсан ангийн дарга Д.Долгорсүрэн нь “Цаг болсон” хэмээх нэртэй шүлэг зохиожээ. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд ангийн анддаа амжилт хүсэхийн сацуу түүнээр бахархаж явдаг хүний хувьд сэтгэлээ уудлан энэхүү шүлгээ бичжээ. Ингээд түүнтэй оюутан цагийнх нь нандин дурсамжаас нь хөөрөлдсөн юм.
-Та нэр дэвшигч Н.Удвалтай нэг ангийн хүүхэд гэв үү? Анх оюутны ширээнд сууж байсан тэр үеийн дурсамжаас тань яриагаа эхлэе гэж бодлоо
Би 1978 онд Анагаах ухааны дээд сургуульд элсэн орсон. Бид 10-аад хүүхэд 1-ийн 17 дугаар групп гэдэг ангид орж байлаа. Хамгийн хөгшин нь 49 настай Дашзэвэг гэж лам хүн, бусад нь залуучууд байлаа. Би сургуулиас ангийн даргын албанд томилогдож, ангийн дарга боллоо. Хичээлийн анхны өдөр Н.Удвал миний хажууд суусныг тод санаж байна. Тэгээд анхны хичээл “Анатоми” ордог юм байна. Багш бидэнд ясны нэр томьёонууд цээжлүүлээд эргүүлж асуусан. Би Техникум төгсөөд хоёр жил болоод ангидаа орсон байсан л даа. Тэгэхэд 10 дугаар анги төгсөөд орж ирсэн хүүхдүүд дотроос хамгийн хурдан, зөв хариулж байсан нь Н.Удвал байсан. Тэр өдөр би дотроо”Энэ хүүхэд ой тогтоолт сайтай, ухаалаг их хол явах хүүхэд байна даа” гэж бодож байж билээ.
-Би энэ шүлгийг чинь уншлаа. Та энэ шүлгийг сайдад зориулж бичээ юу? Ингэхэд сайд ер нь ямар оюутан байв?
Тэр үед хүүхдүүдийг их шигшиж оруулдаг байсан цаг. Бид конкурсэнд ороод шигшигдсэн хүүхдүүд орж байсан ч, хагас жил болоход шигшигдсээр бидний тал нь үлдэж байсан юм. Тэр үед бид нилээд сайнууд нь үлдэж байсан гэсэн үг л дээ. Ангийнхан маань янз бүрийн кино үзэх гэх мэт зугаа цэнгэл огт мэдэхгүй, бүгдээрээ ангидаа өөд өөдөөсөө харж суучихаад хичээлээ их давтдаг байлаа. Хичээлээ их уншина. Үнэхээр уншихаас ч өөр аргагүй. Өвөл од гялалзаж байхад л сургууль руугаа явдаг. Өдөрт найман цаг хичээлд суумагцаа цай, 60 мөнгөний гөөхийхнөөр болгочихоод эргээд номын санд сууна. Тэгэж байгаад гараад ирэхэд тэнгэрт од гялалзаж байдаг байлаа. Н.Удвал үнэхээр онцгой илүүрхсэн хүүхэд байсан. Шалгалт дөхөөд том том боть номуудыг бид уншаад талд нь явж байхад, Н.Удвал уншаад дуусчихсан байдаг байлаа. Бид тойрч сууж байгаад “За одоо Удвалаар яриулая” гэцгээнэ дээ. Тэгээд л Н.Удвал бидэнд ярьж өгдөгсөн. Шалгалтанд орох болохоор “Дашзэвэг гуай лам, тэгээд ч хөгшин хүн юм чинь багш нар арай ч муу тавихгүй байх. Удвал тэртээ тэргүй УЛААН ОНЦ юм чинь тэр айх юм байхгүй” гээд л ангийнхан ярьцгаадаг. Эргээд бодоход манай ангийнхан үнэхээр чадалтай сайн хүүхдүүд байсан байна.
-Н.Удвал сайдад зориулж шүлэг зохиосон тань их сонирхол татаж байна. Яагаад энэ шүлгийг бичих болов оо. Магадгүй таны сэтгэл хөдлөл байсан байх тийм үү?
Би бодсон л доо. Нэгэн цагт манай улс задран, бутран, доройтож байх эгзэгтэй цаг үед улсаа хураан аварсан ухаалаг хүмүүс хатдууд байсан. Жишээ нь:- Сорхогтон бэхий хатан байна. Сорхогтон Бэхий хатан, төрийн бодлогын 360 боть номыг цээжилсэн “хүн ном” байсан. Үүнээс улбаалаад бодсон ч манай үе үеийн түүхэн хатдуудын нэгэн тасархай, үргэлжлэл нь Н.Удвал юм. Энэ тухай Н.Удвалдаа амжилт хүсэн бичье дээ гэж бодоод, чадан ядан сэтгэлийнхээ хэдэн үгийг буулгалаа. Н.Удвал үнэхээр чадна. Хэрвээ “оюунлаг, ухаалаг, эрдэмлэг хүнийг гаргая” гэж бодвол Н.Удвалыг л гаргах ёстой. Энэ хүн бол чадна. Эмэгтэйчүүд эмэгтэй хүнээ дэмжих л юм бол ялалт байгуулна.
-Оюутан цагийн хөгжилтэй сайхан дурсамжууд байдаг л байхдаа?
Манай Н.Удвал өөрөө ярьдаг байсан. Тэр санаанаас ерөөсөө гардаггүй юм. Нутгийн нь айлын нэг авгай тарваганы маханд их дуртай байж. Оройхон зуухныхаа доод талд, түмпэн дотор аргал хийчихсэн байж байтал нөгөө авгай орж ирээд:- “Тарваганыхаа махнаас өгөөч” гэхээр нь “Тарваганы мах биш ээ, аргал гэсэн” чинь санаа нь зовсон бололтой “Аргал ч байсан яахав авъя” гэсэн гэдэг. Тэр хөгтэй явдлыг Н.Удвал бидэнд ярьж бөөн инээдэм болж билээ. инээв Тэр миний санаанаас ерөөсөө гардаггүй юм.
-Сайд ер нь хүнийхээ хувьд ямар хүн бэ? Хараад байхад нэг их олон дуугардаггүй, дуу цөөнтэй хүн шиг санагддаг?
Тийм биш. Хүнтэй яриад суугаад байвал яриад л байна. Их л хөдөлмөрч хүн дээ. Би тэрийг сайн мэднэ. Жишээ нь:- Гараа хугалчихаад акттай байх үедээ хоёр бурхан оёсон. Гар нь хугархай хүн чинь гараа бариад сууж байх байтал хоёр ч бурхан оёсон. Энэ бол үнэхээр хөдөлмөрч хүний л шинж. Түүний тухай би их олон юмыг хэлж чадна.
-Эмч хүн, эх хүн гэдэг талаас нь?
Жишээ нь оюунлаг талаас нь ярихад “оюутны эрдэм шинжилгээний хурал” дөхөхөөр оюутнуудад сэдвүүд өгдөг байсан юм. Нэг удаа Лувсандагва гэдэг багш маань “сэдэв өгнө” гэж явсаар байгаад хурал дөхчихдөг юм байна. “Эрдэм шинжилгээний хурал” болохоос долоохон хоногийн өмнө, тун давчуу хугацаанд нэг ном өгсөн. Тэгэхэд Н.Удвалын бэлдэж тавьсан илтгэлийг багш нар маш их магтацгааж байж билээ. Түүгээрээ багш нарт их үнэлэгдэж байсан. Эмч хүнийхээ хувьд өргөсөн тангарагтаа үнэнч, ажлаа нэгдүгээрт, өөрийнхөө амьдралыг хоёрдугаарт тавьдаг хүн. Хөдөө суманд эмч байхдаа, өөрийнхөө хүүхдийг орхиод хүний хүүхдийн дуудлаганд яваад ирэхэд нь хүүхдийнх нь хатгаа хүндэрч, нэг охинтой байснаа тэгэж алдсан. Эмч хүн гэдэг ар талаа хаяад л цаг наргүй явдаг юм хойно дараа нь бас л тэгэж явж байгаад хоёр ихэр хүүгийнхээ нэгийг нь алдсан даа хөөрхий. Амиа бодсон хүн бол хүүхдээ тэврээд гэртээ л сууж байх байсан. Гэтэл Н.Удвал маань ингэж л өөрийгөө дайчилж ажиллаж байсан хүн дээ.
-Ярилцлагынхаа төгсгөлд ангийн анддаа хандаад хэлэхэд?
Энэ хэцүү цаг үед зоригтой эх оронч хүн л ингэж гарч ирнэ. Энэ олон аймаг сумуудаар явна гэдэг эмэгтэй хүний бие махбодийн хувьд ч гэсэн хэцүү. Энэ бүхнийг даван туулаад маш дайчин явж байгаад Н.Удвалаараа бахархаж байна. Хэрвээ энэ хүн амгалан тайван амьдралаа бодвол үр хүүхдээ тэжээгээд явах хангалттай оюуны чадамж бий. Амар тайван сууж байж болох хүн. Гагцхүү улс эх орныхоо бүрэн бүтэн байдал, шударга ёсны төлөө эх хүний сэтгэлээр эрэлхэгдэж гарч ирч байгаа. Энэ хүнийг эмэгтэйчүүд л дэмжиж гаргах ёстой. Манай Н.Удвал өрх толгойлж олон жил явсан. Тийм хүний зовлонг ч сайн мэднэ. Өнчрөл хагацалыг ч үзсэн хүн. Биет хүн биеэрээ, Үрт хүн үрээрээ гэдэг. Энэ хүн, хүний зовлонг сайн мэднэ. Эцэст нь Н.Удвалдаа амжилт хүсье!
Цаг болсон
Гүрэн байсан Монгол задран доройтож байхад
Гүйлгэн ухаанлаг хатдууд л аварч үлдээсэн юм
Самуурч байсан төрийг
Сорхогтон Бэхийн л
Саруул ухаан аварсан юм
Хүн сүргийг харин
Хүчирхэг оюутан л удирдана
Одоо цагийг харах юм бол
Орон гэрүүд задарч байна
Олон эхчүүд уйлж байна
Улс түмнээ уран үгээр ховсдож уйлуулаад хэрэггүй ээ
Урьдах төрийн алдааг урамшуулж ховсдоод хэрэггүй
Уул уурхайн баялагаа ухаж дуусгаад хэрэггүй ээ
Дэглэгч болсон төрийг
Дэндүү ихээр дарангуйлагчдыг
Дээдлэлгүй халах цаг болсоон!
Ухаалаг төрсөн Удвал бүсгүй
Эзэнгүй төрийг эмхэлнэ тэр
Эхийн сэтгэлээр хайрлана тэр
Эцэж цуцаж хичнээн өлссөн ч
Эх орноо худалдахгүй тэр
Энэ биеэ золиосолж
Эх нутгаа хайрлаж
Эрдэм ухаантнаа дээдэлж
Эв нэгдлийг хамгаалан удирдаж чадна аа
Эмэгтэйчүүд, эмэгтэйгээ дэмжицгээе!
Хүний их эмч
Ангийн дарга Д.Долгорсүрэн
2013 оны 6 дугаар сарын 4-нд