Байгалийн ухааны хичээлийг ногооны талбайд үзэж байна
2015/04/07
Говь алтай аймгийн Дэлгэр сумын сургуулийн хүүхдүүд байгалийн ухааны хичээлийг танхимд биш туршилтын талбайд үзэж байна. Хүнсний ногоо тарих хүлэмжтэй, олон төрлийн мод бут тарьсан энэ талбайд хичээллэх нь хүүхдүүдэд сонирхолтойгоос гадна онолд тулгуурлаж биш дадлагаар мэдлэг эзэмшүүлэх ач холбогдолтой санаачилга болж чаджээ.
Энэ туршилтын талбайг 2 жилийн өмнө багш сурагчидын хамтын хүчээр байгуулсан байна. Талбайд байрлуулсан сүүдрэвчинд дулааны улиралд хүүхдүүд ширээ сандлаа гарган сууж танхимын хичээлүүдээ үзэхээс гадна жимсний мод, ногоо тарьж, тарьсан мод, ногооныхоо тухай багшаасаа асуух зарчмаар суралцдаг байна. Дэлгэр сумын сургуулийн багш Д.Машбат сургалтынхаа талаар “Манай хүлэмж 40 гаруй төрөл зүйлийн 800 гаруй модтой. Ингэж хичээллэснээр зөвхөн байгалийн ухааны хичээлээ сайн ойлгохоос гадна бусад хичээлүүдтэйгээ холбож болдог. Тухайлбал, намар навчийг нь хараад дүрслэх урлагийн хичээл дээрээ зурах, уран зохиолын хичээл дээрээ шүлэг зохиох гэх мэтээр яг энэ талбайдаа маш үр дүнтэй хичээллэдэг. Хүүхдүүд маань ч их дуртай байдаг. Хүүхдүүд танхимаас гарч хичээллэх дуртай болохоор хичээлээ маш сайн ойлгодог.” гэж ярилаа.
Өмнө нь байгалийн ухааны хичээлийг зурагт хуудас харуулж тайлбарлан, дараа нь асуух маягаар явуулдаг байсан. Харин одоо яг бодитоор нь мод ургамал, хөрс шороог үзүүлж хэрхэн ургаж байгааг нь харуулдаг болохоор хүүхдүүд дуртай байхаас гадна тэр нь жинхэнэ мэдлэг болж үлддэг байна. Энд тарьсан хүнсний ногоо, жимс жимсгэнийг сургуулийн цайны газарт нийлүүлдэг юм байна. Өөрсдийн гараар ургуулж тарьсан хүнсний ногоогоо хэрэглэж байгаа нь хүүхдүүд эрүүл хүнс хэрэглэх, нөгөө талаар сургуулийн төсөвт ч хэмнэлт гаргах нэг шийдэл болжээ.