Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXI дүгээр хуралдаан энэ сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тус хуралдааныг анх 1992 онд Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны дагуу Улаанбаатар хотноо зохион байгуулж байв. Түүнээс хойш комиссын дүрэмд хуралдааныг жил бүр хоёр улсад ээлжлэн зохион байгуулж байхаар тусгасан юм.

Хамтарсан комисс нь өнгөрсөн хугацаанд Монгол-Оросын төрийн архивуудад хадгалагдаж байгаа урьд өмнө далд, хаалттай байсан түүхийн чухал баримт бичгүүдийг судлах, сурвалжлах, хуулбараар солилцох, хамтарсан ном, эмхэтгэл хийх, архивын ажлын туршлага солилцох, мэргэжлийн боловсон хүчнийг сургаж, бэлтгэх, Монгол-Оросын харилцааны түүхийн чухал сэдвээр архивын баримт бичгийн үзэсгэлэн гарган олон нийтэд таниулах зэрэг тодорхой чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Тухайлбал, ОХУ-ын төрийн архивуудад хадгалагдаж байгаа Монгол Улсын түүхэнд холбогдох баримт бичгийг хуулбарлан авснаар Үндэсний архивын сан хөмрөгийг баяжуулахад томоохон ахиц гарсан бөгөөд Оросын талаас нийтдээ 8 мянган хуудас архивын баримтыг шилжүүлэн өгчээ. Мөн комиссын ажлын хүрээнд Монгол Улсын Архивын Ерөнхий газар, Оросын Холбооны Архивын Агентлаг хамтран “Монгол-Зөвлөлтийн соёл, шинжлэх ухааны харилцаа” эмхэтгэлийн дэд боть болон “Халхын голын дайн” баримт бичгийн эмхэтгэл зэргийг хэвлүүлэн олон нийтийн хүртээл болгосон билээ.

Түүнчлэн комиссын шугамаар хийгдсэн ажлууд нь түүхэн нөхцөл байдал, улс төрийн шалтгаанаар үүссэн ОХУ-д төлөх их өрийн асуудлыг шийдвэрлэж, улс төрийн хилс хэргээр баригдан ОХУ-д цаазлагдсан Монгол Улсын Ерөнхий сайд нарыг цагаатгах, гэгээн дурсгалыг нь хүндэтгэх, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн тухай Засгийн газар хоорондын шинэ хэлэлцээр байгуулах зэрэг үйл явцад бодитой, эерэг нөлөө үзүүлсэн гэдгийг онцлон дурдах нь зүйтэй.

Харин энэ удаагийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXI дүгээр хуралдаанаар комиссын 1992-2015 оны хамтын ажиллагаа, хамтран ажиллах протоколуудын биелэлтийг дүгнэх, “Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэх асуудлыг хэлэлцэх, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлахаар төлөвлөж байна.

Мөн тус хуралдааныг зохион байгуулах ажлын хүрээнд “Монгол ард түмнээс фронтод үзүүлсэн тусламж” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг Үндэсний түүхийн музейд толилуулах юм.

 

Жич: Комиссын хуралдааны үеэр дараах арга хэмжээг зохион байгуулна.

  • 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Монголын ард түмнээс фронтод үзүүлсэн тусламж” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнгийн Үндэсний түүхийн музейд /14.00-15.00 цагийн хооронд/
  • 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “ОХУ-ын албан хэрэг хөтлөлт, архивын хөгжил, цаашдын зорилт” сэдэвт илтгэлийг ХЗҮХ-нд хэлэлцүүлнэ /15.30-17.00 цагийн хооронд/
  • 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаан үргэлжилж, 2015-2016 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний протоколд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болно /Blue Sky зочид буудлын хурлын танхим/