БНСУ-ын иргэн Ким Чолхунтай холбоотой асуудлаар “Газрын хэвлий” ХХК-ийн толгой компани болох “Жи Эм Кэй” ХК-ийн ТУЗ-ийн дарга Сун Бүсү, “Газрын хэвлий” ХХК-ийн захирал Т.Таня, өмгөөлөгч Г.Батбаяр нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“Газрын хэвлий” компани нь Төв аймгийн Зүүн хараа сумын нутаг дэвсгэрт алтны орд ашиглах “А” лиценз эзэмшдэг байна. Өнгөрсөн жилээс олборлолтын үйл ажиллагааг явуулсан. Харин БНСУ-ын иргэн Ким Чолхун нь дээрх компанийн захирал болохын тулд тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг гээгдүүлсэн гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн, тэдгээрийг шинээр гаргуулж, хууль бус үйлдлийг үйлдсэн гэдгийг хэвлэлийн хурал зарлагчид хэллээ. Тухайлбал, “Газрын хэвлий” компанийн монгол захирал, ТУЗ-ийн шийдвэрээр томилогдсон Т.Таняг “Мөнгө хувьдаа завшсан гэж гүтгэн цагдаад мэдүүлж, шалгуулсан төдийгүй 2014 оны арванхоёрдугаар сарын 26-нд оффист руу дайрч орж компанийн бичиг баримтыг гаргаж өгөхийг шаардан компанийн дансны эзэмшигчийг өөрийн нэрээр сольж, уурхай руу дайран орж дарамталсан зэрэг хууль бус үйлдлийг гаргажээ. Энэ үйлдлийг нь одоо цагдаагийн байгууллагаас шалгаж буй аж. Гэвч тэрээр зогссонгүй энэ сарын 17-нд дөрвөн машинтай, 20 орчим хүнийг дагуулан уурхай руу очиж харуулын гурван ажилтныг дарамтлан хөөж, машины түлхүүр, гэрчилгээ экскваторын түлхүүрийг булааж авч, хууль бус үйлдэл гаргасан юм байна. Тиймээс “Газрын хэвлий” ХХК-ийн Монгол талын захирал нь Т.Таня бөгөөд түүнийг ТУЗ-ийн шийдвэрээр томилсон болохыг баталж байна гэж Жи Эм Кэй” ХК-ийн ТУЗ-ийн дарга Сун Бүсү тодотгов. Мөн тэрээр “Ким Чолхуны үйлдэлд арга хэмжээ авахуулахаар БНСУ-руу хандахаар зэхэж байгаа бөгөөд ийм ичгэвтэр явдал гарсанд Монголын ард түмнээс толгой бөхийлгөн уучлалт гуйя. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Монгол, Солонгос иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж буй БНСУ-ын иргэн Ким Чолхуны энэхүү хууль бус үйлдэлд БНСУ-ын Элчин сайдын яамнаас анхаарал хандуулан, албан ёсны арга хэмжээ авч өгөхийг хүсч байна гэдгээ энэхүү хэвлэлийн бага хурлаар дамжуулан уламжилж байна” гэсэн юм.

Энэхүү мэдээллийн дараа бид  “Газрын хэвлий” ХХК-ийн захирал Т.Танягаас дараах тодруулгыг хийснээ хүргэе.

-Та хувьцаа эзэмшдэг үү?

-Толгой компаниас хувьцаа эзэмшдэггүй, 77 хувийн итгэмжлэгдсэн Монгол төлөөлөгч.

-Өмнө нь Монголыг төлөөлсөн захирал байсан уу. Монгол нэртэй гадаад хөрөнгө оруулалттай компани гэсэн үг үү?

-Энэ компани Монгол компани байсан, 2004 оноос хойш үйл ажиллагаагаа эрхэлсэн. Хөрөнгө оруулалтыг нь татах, гадаадын хөрөнгө оруулалт бүртгэх бүх үйл явцыг би өөрөө үүсгэн байгуулж, бүх ажилд нь оролцож, 2013 оны тавдугаар сарын 1-нд ТУЗ-ийн даргатайгаа ТУЗ-ийн гишүүдтэйгээ, хувьцаа ээзмшигчид оролцсон хурал болж, үйл ажиллагааны бүтцээ гаргахдаа намайг гүйцэтгэх захирлаар томилсон.

-“Жи Эм Кэй” ХК Монгол компани гэж явах уу?

-тус компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай Монгол компани. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалттай Монгол компани гэж ойлгох хэрэгтэй. 2013 оны арванхоёрдугаар сард гадаадын хөрөнгө оруулалттай компани болж дахин үүсгэн байгуулагдсан.

-Ким Чолхуныг шалгаж байгаа гэсэн, ямар үндэслэлээр шалгаж байгаа юм бэ?

-Гэрчилгээ байсаар байтал гээгдүүлсэн гэж худал мэдүүлж дахин гаргуулсан. Энэ бол Эрүүгийн хэрэг.

-Чолхун өнгөрсөн долоо хоногт таны эсрэг бас мэдээлэл хийсэн юм байна лээ. Та тэр үед яагаад хандаагүй юм бэ?

-Тав дахь өдөр бид хийх гэж байгаад нотлох баримтаа хангалттай бүрдүүлье, илүү хууль ёсны баримтаа цуглуулъя гээд өнөөдөр буюу даваа гариг болгосон. Би болохоор Зүүнхараагийн цагдаа нарын нэг талыг барьсан хууль бус үйл ажиллагааны дүнд 72 цаг цагдаагийн камерт суугаад гарч ирсний маргааш тэр мэдэгдэл хийсэн байсан.

-асуудал бараан хараагийн замд болсон?

-Захирамж гарсан байсан, шүүгчийн. Ким Чолхун одоо энэ гэрчилгээ, тамга тэмдгийг ашиглаад Таня хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаад хууль бус үйлдэл хийгээд байна гэсэн нэхэмжлэл гаргахад нь шүүгч надаас хариу тайлбар авсан.   

Гэхдээ шүүгч “ энэ асуудал шийдэгтэл Таня чи энэ компанийн эд хөрөнгө, бичиг баримтыг бусдад шилжүүлэх, худалдаалах түрээсэлж болохгүй шүү гэдгийг даалгасан. Тэр даалгаврыг шүүхийн шийдвэр гэж манай уурхайн гурван ажилтанд хэлээд “Одоо та нар зайл, Танягийн ажилтнууд та нар. Би өөрийн ажилтнаа байлгана” гээд шүүхийн шийдвэрийг уншуулахгүй хөөж туугаад техникийн гэрчилгээ, түлхүүр аваад, түлшнээс хоёр машиндаа дүүргэж хийж аваад явсан байдаг.

-Шарын голын цагдаад хандаж болоогүй юм уу?

-Шарын голын цагдаа дуудлага хүлээж аваагүй, та нар хоорондоо учраа ол гэсэн.

Машины гэрчилгээ, түлхүүр хоёр авч явсан байсан учраас би түүнийгээ авахыг шаардсан. Гэтэл Батдорж гэдэг хамгаалагч дундуур орж ирж, Ким Чолхунтай машинд суугаад ярьсан, ийм үндэслэлээр хууль зөрчиж байна гэдгийг хэлсэн. Түлхүүрээ авах гэтэл түлхүүр уурхайд байгаа гээд гаргаж өгөөгүй. Тэгээд автомашинтайгаа хөдлөх гэтэл Батдорж машинтайгаа ухарч ирээд бидний сууж байсан машин руу санаатайгаар мөргөсөн.

-Ким Чолхун яагад ингэж улайраад байна?

-Өнгөрсөн жилийн зун Ким Чолхун манай уурхай дээр хэсэг хүмүүсийн хамт ирээд тэнд яаж алт гарч байгаа тухай бүх процессыг харж танилцсан.