Харшлын өвчин халдахгүй мөртлөө удамшдаг
2015/05/04
Сүүлийн үед харшлын өвчин ихсэх болсон нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоох болсон. Энэ талаар АУ-ны доктор, дэд профессор Н.Раднаахандтай ярилцлаа. Герман улсад харшлын эмчийн мэргэжил эзэмшиж улмаар Австри, Герман, Болгар, ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн тэрээр “Харшлын ринит”,”Гуурсан хоолойн багтраа”,Ургамлын тоосны харшил,“Манай хүүхэд эдгэх болов уу”, “Астма”зэрэг гарын авлагууд бичжээ.
-Урин дулаан цаг болохоорхүмүүсийг зовоодог өвчний нэг бол харшил. Зуныг яагаад харшлын улирал гэдэг юм бэ?
-Улаанбаатар хотын хувьд харшлын өвчин багасах улирал бараг алга болсон гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл өвлийн агаарын бохирдлоос болж ханиаж багтарч байгаад арай гэж агаарын бохирдол багасч зун болж зүлэг ногоорч, модод нахиалж эхлэхэд ургамлын харшил эхэлдэг. Гэхдээ хүмүүсийн харшил хамгийн их хөдөлдөг хугацаа бол долдугаар сарын 10-наас есдүгээр сарын эх хүртэлх хугацаа юм.
-Мод ногоорч, зүлэг ургах нь таван сарын дундаас эхэлдэг. Гэтэл яагаад долдугаар сарын дундаас харшил ихэсдэг юм бол?
-Зуны харшлыг хөдлөлийн оргил үеэр нь гурван үе болгон хуваадаг. Хаврын, зуны, зун-намрын гэсэн гурван оргил үе байх боловч зуны сүүлч болох долдугаар сарын дундаас шарилж луульны тоосоо гүвэх үе эхэлдэг. Шарилж луульны тоос харшил үүсгэх чадвараар бусад ургамлаас илүү, олон хүний хөлөөр талхилагдсан газар ургах чадвар сайтай болохоор "хөл газрын ургамал" гэж нэрлэгддэг. Зүлэг ногоогоо тайрч янзалдаггүй манай хотынхонд тохирсон, өөрөөр хэлбэл арчилгаа голдоггүй ургамал болохоор бусад ургамлыг бодвол их хэмжээгээр тархан ургаж харшил үүсгэдэг юм.
-Нэг гэр бүлийн хэд хэдэн хүмүүс адилхан харшилтай байх юм. Харшил удам дамждаг юм уу?
-Харшлын өвчин халдахгүй. Хүүхэд эхээс төрөхдөө харшламтгай байдлыг эцэг эхээсээ удамлан төрдөг. Харшламтгай байдал нь хожим харшлын өвчин болж илэрч болно. Тийм учраас өөрийгөө сайн хамгаалж явж чадах юм бол бага зэргийн харшлын урвал илэрснийг намдааж болно.
-Тэгвэл бага насны хүүхэд харшилтай байж болох анхны шинж тэмдгийг яаж мэдэх вэ?
-Энэ нь хүүхэд төрөхдөө хөөнгө том , илүүдэл жинтэй, арьс нь нурамтгай байх, толгой нь хагтах, хацар нүүрээр нь улайж туурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Түүнээс гадна ханиад хүрэхээрээ цээжээ барьж удаан ханиах, шөнө их ханиах, гүйж тоглохоороо ханиах зэрэг шинж ажиглагдана. Хүүхдээ харшилгүй байлгах, харшлаас хамгаалах гэдэг нь хүүхдээ эрүүл чийрэг суурь өвчингүй өсгөх, хөхөөрөө тэжээх, зөв хооллох, эм тариаг аль болох бага хэрэглэх, гэртээ амьтан тэжээхгүй байх, эцэг эх нь тамхи татахгүй байх, гэртээ тоос татах хивс дрож, зөөлөн буйдан, үстэй тоглоом бага байлгах гэх мэтийг баримтлах ёстой.
-Тэгвэл ургамлын тоосны харшлын шинж тэмдэг яаж илэрдэг вэ?
-Найтаах, хамраас ус гоожих, хамар битүүрэх, хоолой тагнай, чихэн дотор загатнах, нүд улайх, нулимс гоожих, нүд загатнах, хорсох, нуухтах зэрэг шинж илрэнэ. Нүд хамрын зовиур ихэвчлэн хамт явагддаг. Гэхдээ хавар эрт нүд улайж, хамар битүүрэхгүй бол нарны туяаны харшил байж болно.
-Зөвхөн хамар нүдний зовиуртай байсан харшил хүндэрвэл ямар шинж гарах вэ?
-Харшлаа ханиад гэж буруу эмчлүүлэх, эмчлэхгүй удах, дан ганц хамрын дуслаар аргацааж удах зэргээс манайхны хэлж сурснаар астма буюу гуурсан хоолойн багтраа өвчинд хүргэж болно. Бас өвчлөөд удаагүй, зөв эмчилж байхад ч багтрааны шинж илэрч болдог. Энэ нь тухайн хүний хэт мэдрэг байдлаас шалтгаалж, их шарилжтай газар ажиллах, машины цонхоо онгойлгож хол газар өвс ногоон дундуур удаан давхих зэрэгт амьсгал давчдан багтрааны шинж үүсч болно.
-Шарилжны харшил ямар эдгэх биш дээ гэж хүмүүс залхаж юу сайн гэсэн болгоныг хэрэглэж байгаа харагддаг. Энэ хэр сөрөг үр дагавартай вэ?
-Ургамлын харшил бол улирлын чанартай. Бүх ургамлын харшил авчихаагүй ганцхан шарилжны харшил авсан бол долдугаар сарын 10-наас есдүгээр сарын 10 хүртэл хоёр сарын хугацаанд шарилжгүй газар амрах, нутаг солих зэргээр шарилжнаас хол байж чадвал ганц ч эм хэрэглэхгүй эрүүл бөгөөд зовиургүйгээр өнгөрч болох талтай. Эс тэгж чадваас орчин үеийн хоргүй сайн эмний ачаар мөн зовиургүй байж болно. Эмчийн зөвшөөрөлгүй дур мэдэн хэрэглэсэн болгон ихэвчлэн хортой байдаг. Зарим хүн Кеналог-40, дексаметазон, преднизолон гэх мэт дааврын бэлдмэл хэрэглэсээр биеэ маш ихээр хордуулдаг. Эдгээр эмүүдийг ихээр хэрэглэвэл даралт ихэсч, яс сийрэгжиж, хөөж таргалан, ходоодны шарх ч үүсгэж болзошгүй. Зарим хүн ганцхан нафазолин дусаасаар хамрын салстаа эдгэшгүй өөрчлөлт оруулан гэмтээсэн байдаг. Зарим хүн ганц мэддэг хлорфенираминаг дасал болж үйлчлэхээ больтол нь уудаг. Хүн өөрийгөө хайрлахгүй бол өөр хүнд анхаарал халамж тавина гэдэг эндүүрэл. Зарим хүмүүс бие махбодод хоргүй, орчин үеийн харшлын эсрэг маш сайн үйлчилгээтэй харьцангуй өндөр үнэтэй эмийг хэрэглэхээс зайлсхийж, үнэ хямдтайгаар нь хлорфенирамин, нафазолин хоёрыг хор болтол нь хэрэглэх нь олонтаа байдаг.
-Харшилтай хүмүүс зовиур багатай байхын тулд зуны цагт эмнээс гадна ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?
-Цонхныхоо салхивчийг өдөржин хааж, хүн машины хөл хөдөлгөөн зогссон шөнө дунд онгойлгож, үүрээр хаах, гэр бүлийн бүх гишүүд гадуур явж ирээд өмсөж ирсэн хувцсаа сольж, гэрийн хувцас өмсөн, үсээ угаах хэрэгтэй. Гадуур өмсөж байсан гутал хувцсаа хаалгатай шүүгээнд хадгална. Харшил хөдөлсөн үедээ архи, пиво, дарс, халуун ногоо, самар, жимс, далайн хоол гэх мэт зэрэг хоол хүнсийг хэрэглэхгүй байх нь чухал. Ургамал болгон өөр хоол хүнстэй солбих урвалаар харшил хөдөлгөнө. Хус, улиас, бургас мэтийн модлог ургамлын тоосонд харшилтай бол алим жимс самар гэх мэт модонд ургадаг жимсэнд харшилтай байдаг. Намар болж шарилж лууль хагдарч унасны дараа цонх болон гэрийн доторхи тавилгаа маш сайн цэвэрлэж ургамлын тоосноос салах хэрэгтэй. Угаасан хувцас, ор хөнжлийн даавууг гадаа хатаахад ургамлын тоос тундасжин тогтдог учраас гадаа хатаах хэрэггүй. Ургамлын харшилтай хүнтэй айл гэртээ амьтан тэжээвэл өвөл зунгүй харшил үргэлжилнэ гэсэн үг.
-Ургамлын тоосны харшилтай хүмүүс ямар эм уувал үр дүнтэй вэ?
-Орчин үед нойр хүргэх гаж нөлөөгүй, 24 цагаар үйлчилдэг эм үйлдвэрлэгддэг болсон. Аливаа өвчинг өвчтэй газар нь эм нь хүрч байвал хурдан бөгөөд бага тунгаар үр дүнтэй үйлчилдэг. Энэ нь гуурсан хоолойн багтрааны үед амьсгалын замаар сорж хэрэглэдэг эм хүртээмж сайтай байна гэсэн үг. Хамрын харшлын үед дааврын бэлдмэлийг ууж тарьж хэрэглэснээс хамартаа шүрших хэлбэрээр нь хэрэглэвэл маш өчүүхэн тунгаар хамгийн их үр дүнтэйгээр үйлчилдэг. Хамартаа эм дусаасан ч 8-12 цаг үйлчилдэг орчин үеийн эмийг нь дусаана уу гэхээс 3-4 цаг үйлчилдэг нафазолин дусаагаад байвал хамрын салст хатаж, шархлан цус гоождог болно. Тиймээс мэргэжлийн эмчийн хяналтанд орж, сорил тавиулж харшилтай ургамлаа тодорхойлуулаад, харшилаа хэдийнээс хэдий хүртэл үргэлжлэхийг мэдэж, тухайн үедээ ямар эм хэрэглэхийг зөвлүүлээд явах тийм төвөгтэй биш шүү дээ.
-Ургамлын харшил ямар насны хүмүүст үүсдэг юм бол?
-Ямар ч насны хүнд ургамлын харшил үүсч болно. Манай эмнэлгээр нэг настай хүүхдэд ч ургамлын харшил оношлогдож байсан. Ихэвчлэн цэцэрлэгийн ахлах анги, сургуулийн насанд эхлээд цааш үргэлжилдэг. Ялангуяа хотын оршин суугчид, оюуны хөдөлмөр эрхлэдэг хүмүүст элбэг тохиолддог.
Д.Гэрэл
Зочин · 2015/05/05
+Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/05/05
+Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/05/05
+Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!