В.Батзориг: “ASIA’S GOT TALENT”-д ялбал дэлхийн хамтлаг болно
2015/05/10
Монгол Улсаа төлөөлөн “Asia’s got talent” нэвтрүүлэгт оролцож буй үндэсний урлагийн “Хөсөгтөн” хамтлагийнхан шилдэг есөд шалгараад байгаа билээ. Нийт 900 оролцогчоос тунаж үлдсэн хамтлагийнхан сүүлийн шалгаруулалтдаа өчигдөр оролцсон юм. Одоо бүх зүйл биднээс, монголчуудаас шалтгаална. Учир нь, нэвтрүүлгийн ялагчийг үзэгчдийн саналаар тодруулах юм. Үндэсний урлагаа дэлхийд сурталчлан таниулж буй“Хөсөгтөн” хамтлагийнханд энэ сарын 11-ний 01.00 цаг хүртэл саналаа өгөх боломжтой. Сүүлийн шалгаруулалтын дараа тус хамтлагийн морин хуурч, хөөмэйч В.Батзоригтой онлайнаар холбогдлоо.
-Юуны өмнө “Хөсөгтөн” хамтлагийнханд шилдэг есөд шалгарсанд баяр хүргэе. Сүүлийн шатанд ямар тоглолт бэлтгэн үзүүлэв?
-Баярлалаа. Нийт монголчууддаа энэ өдрийн мэндийг “Хөсөгтөн” хамтлагийнхаа өмнөөс хүргэе. Биднийг ард олон минь дэлхийд тархан суугаа монголчууд, Монгол туургатнууд, Ази тивийнхэн тэр аяараа дэмжиж байгаад маш их баяртай байна. Бүгдэд нь маш их баярлалаа. Бид аваргын төлөөх шатанд өмнө нь үзүүлсэн тоглолтуудаасаа илүүг үзүүлэхийг хичээсэн. Аль болох үндэсний гэх бүхнийг шингээсэн эрч хүчтэй, сэтгэл сэргээсэн уран бүтээл болсон гэж бодож байна. Тиймээс “Хөсөгтөн”-д ямар дүн өгснийг мэдэхийг тэсэн ядан хүлээж сууна даа.
-Олны хүч оломгүй далай гэдэг. Эх орноо төлөөлөн “Asia’s got talent”-д оролцож буй танай хамтлагийг монгол хүн бүр дэмжиж байна. Одоо ч гэсэн саналаа харамгүй хайрлаж, дэмжих байх?
-Тийм ээ. Бид эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл өмнөх шатанд бид нэгдэж чадвал юунд хүрч болдгийг харуулсан. Энэ удаад ч бид нэгдэж чадна гэж бодож байна.
-900 оролцогчоос тунаж үлдэхэд үндэсний урлагийн онцлог ихээхэн нөлөөлсөн байх. Тиймдээ ч тайзан дээр гарахдаа хувцаслалтдаа анхаарч байгаа нь ажиглагдлаа?
-Бид энд үндэсний хувцас, урлагаараа л ялгарч байна. Дэлхийн аль ч оронд очиход хар толгойтой ази хүнийг хятад л гэж боддог. Азичуудаас бидний ялгарах гол онцлог бол эцэг, өвгөдийн минь үлдээсэн юугаар ч сольж боломгүй, эрхэмлэн хайрлах өв их соёл минь. Тиймдээ ч бидэнд ялгаран бахархах олон юм бийг харуулахын тулд уран бүтээл, хувцаслалтдаа анхаарсан.
-Нэвтрүүлгийн сүүлийн шалгаруулалт Сингапурт боллоо. Сингапурт суугаа монголчууд та бүгдийг уухайлан дэмжсэн үү?
-Тийм ээ. Түрүүчийн шатанд Сингапурт суугаа Элчин сайдын яамныхан болон тэнд сурч ажиллаж, амьдарч байгаа монголчууд минь төрийн далбаатайгаа ирж дэмжсэн. Үнэхээр сайхан байсан. Энэ удаад ч гэсэн монголчууд маань ирж биднийг дэмжлээ. Мөн зэргэлдээх орноос хүртэл хүмүүс ирж дэмжсэн шүү. Харамсалтай нь оролцогчдыг дэмжигчдийн тоог тэнцүүлэх зорилгоор орон орны үзэгчдийн тоонд хязгаар заасан гэж сонссон. Гэхдээ дотогш орж чадаагүй нь гадаа том дэлгэцээр үзэх боломжтой байсан.
-Та сүүлийн шалгаруулалтад хөөмэйн ямар бүтээлийг толилуулсан бэ?
-Монгол хөөмэйн бүх төрлийг ашиг лан хамтлагийнхаа онцлогт тулгуурлан уран бүтээлээ толилууллаа.
-Хамтлагийн гишүүд сэтгэл зүйн хувьд ямар байгаа бол?
-Нэвтрүүлгийн үеэр сэтгэл зүйч бидэнтэй байнга уулзаж, зөвлөгөө өгч байсан. Олон орныхон байгаа болохоор олны дунд сэтгэл зүйн хувьд янз бүрийн хүмүүс байдаг байх. Бидний хувьд тайван байгаа.
-Тэмцээний ялагч 100 мянган ам.доллар хүртэнэ. Мөн хамтлагийнханд уран бүтээлийн хувьд ямар боломж нээгдэх вэ?
-Тэмцээний ялагч 100000 ам.долларын эзэн болохоос гадна “Sony Music Entertainment-тай гэрээ хийнэ. Энэ бол дэлхийн хамтлаг болно гэсэн үг.
-Шалгаруулалтын үед “Хөсөгтөн” хамтлагийнхантай онцгойлон уулзсан хүн бий юү?
-Баяр хүргэх хүн тасрахгүй байна.
-Гадаадынхан манай ардын урлагийг их сонирхож байгаа нь бичлэгээс харагдаж байна лээ?
-Манай ардын урлаг хүний сэтгэлийг татах ид шид, увдистай шүү дээ. Аль ч орны хүн манай ардын урлагийг шимтэн үздэг.
-Эцэст нь монголчуудынхаа өмнөөс “Хөсөгтөн” хамтлагийнханд амжилт хүсье.
-Биднийг дэмжиж байгаа та бүхэнд баярлалаа. Аваргын төлөөх тоглолт дууссаны дараагаас тавдугаар сарын 11 хүртэл санал асуулга явна. Хамгийн олон үзэгчийн санал авсан хамтлаг, уран бүтээлч дэлхийн алдарт “Asia’s got talent” шоу уралдааны аварга болно. Бидэнд боломж байна. Бидний хичээл зүтгэлээс гадна та нар минь сайн дэмжиж, саналаа өгөөрэй.
- See more at: http://www.unen.mn/content/49663.shtml?alias=entertainment#sthash.5MWNTKDa.dpuf
өндөр болгох нууц · 2015/05/10
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮