Манай улсын эдийн засаг хүндэрсэн хэмээн хүн бүр үзэх болсон. Гэхдээ энэ нь тодорхой давхаргад л нөлөөлөл явагдаад байгаа гэдэг. Тухайлбал, уул уурхай, үйлдвэрлэл явуулдаг хувь хүн болон компаниуд эдийн засгийн хүндрэлд илүүтэй өртөж байгаа аж. 

Эдийн засгийн сэхэлийн үе эхэлж байна уу гэлтэй сүүлйин өдрүүдэд ам.долларын ханш буурч, төгрөг чангарав. Өнөөдрийн байдлаар 1940 төгрөгтэй нэг ам.доллар тэнцэж байна. 

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний 4 сард 1675.0 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1919.8 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 244.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 139.2 тэрбум төгрөгөөр өсөхөд зарлагын өсөлт нь орлогын өсөлтөөс 7.8 пунктээр илүү байгаа нь нөлөөлсөн байна. 

Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 38.3 тэрбум төг буюу 2.7 хувиар өсөхөд нэмэгдсэн өртгийн албан татвар 115.0 тэрбум төг буюу 27.6 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 17.0 тэрбум төг буюу 16.4 хувиар буурсан хэдий ч бусад татвар, төлбөр хураамжийн орлого 102.8 тэрбум төг буюу 72.4 хувь, онцгой албан татварын орлого 31.5 тэрбум төг буюу 23.2 хувь, нийгмийн даатгалын орлого 23.3 тэрбум төг буюу 8.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Гадаадын хөрөнгө оруулагчдаа татаж чадахгүй байна гэх шүүмжлэлийг хүртэх болсон ч одоогоор хөрөнгө оруулалт хийгдсэн зүйл алга. Хөрөнгө оруулагч гэх адлуулж буй энэ цаг үед эдийн засаг 4.4 хувийн өсөлттэй байгаа нь сайн хэрэг.  Олон улсын валютын сангаас манайхыг 3 сарын нөөцтэй гэсэн бол манай тооцооллоор өнөөдрийн байдлаар 6 сарын импортын хэрэгцээг хангахаар валютын нөөц бий гэнэ. Ийнхүү зөрүүтэй гарч байгаа нь олон улсын валютын сангаас гаргадаг аргачлал нь манайхтай зөрдөг аж. 

Элгээрээ хэвтсэн үеэ өнгөрөөж байгаа цагт "Стэнд бай" хөтөлбөрт орох талаар ярих хэрэг байна уу? Энэ долоо хоногт Худалдаа, хөгжлийн банкны олон улсын зах зээлд гаргасан 500 сая ам.долларын бонд Монголд шилжиж ирнэ. Уг эх үүсвэр Монголбанкны нөөцөд бүртгэгдэж төвбанкны нөөц 1.8 тэрбум ам.доллар болно. Түүнчлэн БНЭУ-аас тэрбум ам.долларын зээл авах тухай тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди төрийн айлчлалын үеэрээ хэлсэн.

Ийн цалингаа ч тавьж чадахгүй байгаа гэх шүүмжийг дагуулж байсан ЗГ эдийн засгаа сэхээх арга бодон олж байгаа бололтой. Эдийн засгийн Сэхэлийн үе эхэлж байна уу.

 

Х.Даваа