Шведийн Вант улсад ажиллаж амьдарч байгаа Архангай аймгийн уугуул болон суугуул иргэдийн санаачлагаар байгуулагдсан нутгийн зөвлөл 2015 оны 5 сараас үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус зөвлөлийн анхны уулзалт өдөрлөгийн үеэр нийт гишүүдийн санаачлагаар бий болсон хандивын сангаас нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аяныг эхлүүлэхээр болжээ. Эхний удаад Архангай аймгийн Цэцэрлэг хотын Нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн Больницийн тасагт эмчилгээ сувилгаа хийлгэж байгаа бага насны хүүхдүүдэд зориулан хооллох сандал бүхий их бүрдэл долоон ширхгийг хандивлаж байгаа аж. 
Энэ оны 05.10-ны өдөр Стокхольм хотод болсон Нутгийн зөвлөлийн уулзалтын үеэр иргэдээс нийт 1600 крон цугласан бөгөөд цаашдын үйл ажиллагаа, тайлан мэдээллээ хамтран ажиллаж байгаа Архангай аймгийн удирдлага, ААН, иргэд болон Швед улс дахь "Дэгжих амьдрал" клуб, Нутгийн зөвлөлийн гишүүд болон тэргүүлэгчиддээ цаг тухай бүрд нь танилцуулж ажиллахаа илэрхийлжээ. 
Ингээд ирэх сарын сүүлээр Монгол нутагт очих бяцхан үрсдээ зориулсан бэлгийг Нутгийн зөвлөлийн тэргүүн Р.Хишиг-Алдар, тэргүүлэгч гишүүн Д.Наранхүү, Я.Золбаяр, Ц.Адарсүрэн нар тээвэр зуучийн "Монгол Алтай" компанид хүлээлгэн өгсөн бөгөөд Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Аймгийн хүүхдийн тасгийн их эмч н. Наранчимэг нарт гардуулах юм байна. 
Тус нутгийн зөвлөлөөс ирэх 6.13-нд Швед улсад ажиллаж амьдарч байгаа нутгийн иргэд нийт Монголчуудынхаа дунд "Гэр бүл-Спорт" өдөрлөг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.