Нийслэлчүүдийн ундны усны хэрэгцээг хангаж байгаа Туул гол бохирдолоороо дэлхийн хамгийн их бохирдсон голуудын тавдугаарт ордог бөгөөд энэхүү судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байна.  

 

Туул голоо бохирдуулахад хамгийн ихээр нөлөөлж байгаа хүчин зүйлийг дарааллаар нь жагсаавал:

1.      Туул голд цутгадаг олон жижиг гол, горхийг хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэсэн. Тухайлбал Түргэний, Улиастай, Сэлбэ, Дунд, Толгойт голууд ширгэсэн.

2.      1950,60-аад оны үед голын эхэн хэсгийн ой, шугуйг огтолсон нь ийнхүү Туул голын урсгал татрахад нөлөөлсөн байна.  

3.      Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламж цэвэршүүлсэн бохир усыг Туул голд цутгадаг.

4.      Үүнээс гадна Заамар дахь алт олборлолт голын усыг бүр ч ихээр бохирдуулсаар байна.  Төв цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн, Туул голд хоног тутам цутгаж буй 170 000-190 000 шоо метр бохир ус юм. 1970-аад оны сүүл үед баригдсан цэвэрлэх байгууламж өнөөдөр технологийн хувьд хоцрогдож, үндсэн үүргээ гүйцэтгэх чадваргүй байна. 

5.      Үйлдвэрийн болон ахуйн зорилгоор хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 3 том дулааны цахилгаан станц, мөн үлэмж тооны уурын зуухнууд, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын гүний усны хэрэглээ

6.      Нийслэлийн газар нутгийн үлэмж хэсгийн мөнх цэвдэгтэй хэсгийн хөрстэй хэсэгт барилга байшин олноор барьсан нь хөрсний усийг үлэмж хэмжээгээр, үүн дээр нэрмээс болж цаг уурын дулаарлаас шалтгаалан ууршихад давхар нөлөөлж буй гэж үздэг.

7.      Арьс ширний үйлдвэрүүд бохироо  шууд  Туул гол руу асгадаг гэх мэдээллийг албаныхан өгч байна.

Туул гол нь Хан Хэнтийн нурууны салбар уулсаас эх авсан Нэргүй, Номин голын уулзвараас /Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг/ эхлэн Орхон голд цутгах хүртлээ /Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг/ 717 км замыг туулдаг. Үүнээс 152 км нь Улаанбаатар хотоос дээш, 93 км нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт, 472 км нь нийслэл хотоос доош хэсэгт хамрагддаг байна.

Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори Улаанбаатар орчимд Туул голын дагууд 13 цэгээс сар бүр тогтмол усны сорьц авч чанарын хяналт тавьдаг ч лабораторийн хүчин чадал, техник тоног төхөөрөмж дутагдалтайгаас шалтгаалан одоогийн байдлаар Туул голын усанд нянгийн болон хүнд металлын шинжилгээ хийгдэхгүй байгаа аж. Туул голын усны бохирдлын олон жилийн нөлөөллөөс шалтгаалан голын ёроолын хурдас, хагшаас бохирдсон боловч голын ёроолын хагшаасны бохирдлын судлагаа шинжилгээ хийх лабораторийн нөхцөл боломж мөн дутмаг байгаа гэлээ.

Улаанбаатар хотод 2014 оны байдлаар арьс шир боловсруулах 27, ноос, ноолуур боловсруулах 27, өлөн боловсруулах 16 үйлдвэр байгаа ба эдгээр үйлдвэрүүдээс гарч байгаа бохир ус нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байна.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд орсон элс хайрга олборлодог 84 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Уул уурхайн яам, Ашигт малтмалын газарт санал хүргүүлж, элс хайрга олборлодог 29 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Гэвч бүтээн байгуулалтын ажил зогсох, барилгын түүхий эдийн хомсдолд орж барилгын үнэ нэмэгдэх зэрэг бэрхшээлтэй тулгарч байгаа юм. Иймд цаашид Улаанбаатар хотын үйлдвэрийн болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг стандартын шаардлага хангахуйц хэмжээнд цэвэрлэх хүчин чадал, дэвшилтэт технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих, Туул гол дээр усан цогцолбор байгуулах, Туул голын хамгаалалтын бүсэд нэмж газар олгохгүй байх, нэгэнт бий болсон суурьшлын бүсэд үерийн хамгаалалтын асуудлыг цогцоор шийдэх, газар болон усны нөөц ашиглалтанд онцгой албан татвар ногдуулах эрх зүйн орчин бүрдүүлэх, Туул голын татам, хамгаалалтын бүсэд элс хайрга олборлож буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг хотоос гаргах зэрэг шийдвэрлэх асуудлууд байгаа юм.

Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран монголын нийт хүн амын талаас дээш хувь  Туул голоос ундаалж байна. Бүхэл бүтэн улс үндэстний талыг тэжээж тэтгэж байдаг ийм гол дэлхийд гарын таван хуруунд багтах нь тодорхой.  Туул гол бохирдолоороо дэлхийн хамгийн их бохирдсон голуудын тавдугаарт орж байна гэдэг нь  Монгол улсын хувьд эмгэнэл юм.  Үүнд төр гэлтгүй түмэн олноороо анхаарах цаг ирээд байна. Ядаж л машинаа угаахгүй, ойр орчимд нь хог хаяхгүй, байгал эхээ хайрлах сэтгэхүйг өөрсөддөө, үр хүүхэддээ суулгаад өгөхөд л болчих асуудал...

 

Э.Мөнгөн