ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монголын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд талархлын захидал илгээжээ. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-д ажлын айлчлал хийхдээ тус улсын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа олон улсын аюулгүй байдлын Москвагийн дөрөвдүгээр бага хуралд оролцсон юм.   Тэрээр “Бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад оруулж буй Монгол Улсын хүчин чармайлт” сэдвээр бага хуралд оролцогчдод илтгэл тавьсан  юм. Үүнтэй холбогдуулан болон Зэвсэгт хүчний төлөөллөөс ялалтын баярын цэргийн ёслолын жагсаалд оролцуулсанд нь талархлаа илэрхийлжээ. Талархлын захидалд  "Олон улсын аюулгүй байдлын Москвагийн IV бага хурлын ажилд хувь нэмрээ оруулсанд Танд баярласнаа илэрхийлье.

Бага хуралд Та Монголын төлөөлөгчдийг удирдаж оролцсноор хурлыг онцгой ач холбогдолтой болгож, үр өгөөжтэй яриа хэлэлцээ өрнүүлэхэд тус дэмтэй боллоо. Чуулга уулзалтад Таны оролцсон нь хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэг, цэргийн байгууллагууд хоорондын итгэлцлийг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр болсон юм.

Өргөтгөсөн хуралдаанд агуулга төгс үг хэлсэнд талархаж байна. Дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын цэргийн дээд удирдлагын санаа бодол бидэнд чухал байлаа.

Хуралдааны үед хийсэн хоёр талын уулзалтаар бид цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг ахиулах үндсэн чиглэлийг хэлэлцэн тогтож чадлаа.

Оросын цэргийн сургуулиудад монголын цэргийн боловсон хүчнийг буцалтгүй тусламжаар болон хөнгөлөлттэй нөхцлөөр бэлтгэх салбарт харилцан ажиллагаа хөгжүүлэхэд бид бэлэн байна. Таны хүсэлтийг тэргүүн зэрэгт авч үзэх болно. 1941-1945 оны Аугаа их Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Улаан талбайд хийсэн баярын хүндэтгэлийн жагсаалд монголын цэргийн салбар оролцуулсныг би өндөр үнэлж байна. Бид Монгол Улсыг Орос Улсын шалгарсан, найдвартай түнш гэж үздэгээ онцлон тэмдэглэхийг хүсч байна" гэжээ.