- Монголчууд элэгний өвчлөлөөрөө  дэлхийд тэргүүлэгч улс орны   нэгд ордог.  2013 оны байдлаар С вирусын халдвартай 128 мянга орчим хүн байна. Тэдний 52 500 нь архаг халдвартай байх магадлалтай гэсэн тооцоо байдаг.   Тэгвэл өвчлөлийг  анагаахад  зориулан  АНУ-аас “Харвони” эмийг  99 хувийн хөнгөлөлттэй үнээр авахаар болжээ. -

АНУ-ын “Gilead Sciences” биотехнологийн компани С вирусын халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд зориулсан Харвони эм гаргасныг АНУ-ын Хүнс, эмийн зөвлөл өнгөрсөн оны аравдугаар сард бүртгэжээ. 98-99 хувийн эмчилгээний үр дүн үзүүлж буй Харвони эмийг АНУ, Европийн  холбооны 30 гаруй улс, Канад, Швейцарь, Шинэ Зеланд, Турк, Египет зэрэг улс оронд хэрэглэж байгаа ажээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг лхагва гариг бүрт хийдэг “Шийдлийн цаг” уулзалтдаа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг урьж оролцуулан Харвони эмийн талаарх мэдээлэл авч, ийм өвчний халдвартай иргэдээ эмчлэх үүргийг өглөө.

Энэ эмийг 99 хувийн хөнгөлөлттэй үнээр авч байна. Тодруулбал АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирүсийг эмчлэх Харвони (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд олон улсад нийлүүлэгдэж байгаа хамгийн хөнгөлөлтэй үнээр нийлүүлэхээр болж байна.

Харвони эмийг өвчлөлийн байдлаас шалтгаалан 1-3 сарын турш өдөрт нэг ширхэгийг ууж хэрэглэдэг. Интерферон, рибавирин зэрэг эм, тариатай хавсарч хэрэглэх шаардлагагүй, хепатит С вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эм юм. Америкийн зах зээл дээр гурван сарын курс эмчилгээний үнэ нь 94 мянган ам.доллар байгаа. Харин манай улс нэн хөнгөлөлттэй буюу нэг сарын эмчилгээний эмийг 400, гурван сарынхыг 1200 ам.доллараар оруулж ирэхээр гэрээлсэн. Эм, био идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмын шаардлага хангасан тул улсын эмийн бүртгэлд бүртгэсэн байна.  

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан хепатитийн С вируст халдварын илрүүлэг, оношлогоо, эмчилгээний зааврын дагуу дээрх эмүүдийг эмчилгээнд хэрэглэх юм.

Харвони эмийг эмчийн хяналтад хепатит С вирүсийн генотип 1-ийн архаг халдвартай нь шинжилгээгээр нотлогдсон насанд хүрэгчдийн /18-аас дээш насны / эмчилгээнд дангаар нь хэрэглэх заалттай. Зөвхөн эмчлэгч эмчийн бичсэн жор дээрх зааврын дагуу ууж хэрэглэх ёстой. Ингэхдээ бусад вирусийн эсрэг эмүүдтэй хавсарч хэрэглэх шаардлагагүй бөгөөд өвчний байдлаас шалтгаалан 3-6 сар ууж хэрэглэх юм байна.

Харвони эмийн эмчилгээний үр дүн болон хэрэглэх заалтыг олон судалгааны үндсэн дээр гаргасан бөгөөд, үндсэн судалгаа нь гурван шатлалт эмнэлзүйн судалгааны үр дүнд 96-99% байсан.

Одоогоор тус эмийг  яаралтай оруулж ирнэ гэж байгаа ч яг хэзээ гэдэг нь тодорхойгүй байна. Гэхдээ  Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэсэн, хөнгөлөлттэй үнээр авахаар болсон  болохоор удахгүй  гэдгийг  албаныхан мэдээллээ.

Э.Мөнгөн