Хүүхдийн төлөө ногоон карт” аяныг зохион орон даяар өрнүүлэхээр боллоо
2015/06/11
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнесийн хамтаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өргөн барьсан Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа. Үүнтэй холбогдуулан байгуулагдсан УИХ дахь Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллыг дэмжих лобби бүлгээс санаачлан дээрх хоёр хуулийн төсөлд иргэд олон нийтээс санал авах “Хүүхдийн төлөө ногоон карт” 14 хоногийн аяныг 2015 оны 6 дугаар сарын 11-25 хүртэл хугацаанд зохион байгуулахаар болжээ.
Аяны хүрээнд саналыг Улаанбаатар хотод бол оршин суугаа хорооныхоо нийгмийн ажилтан, мөн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, орон нутагт аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүдээр дамжуулан бичгээр болон цахим хэлбэрээр хүлээн авах юм байна.
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хоёр жилийн дотор бусдад зодуулснаас болж 5129 хүүхэд гэмтлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Мөн 2014 онд гэмт хэргийн улмаас 1576 хүүхэд хохирч, тэдний 817 гэмтэж, 101 нас барсан. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 81 хүүхэд хохирч, 3 хүүхэд нас барсан, зам тээврийн осолд 1212 хүүхэд өртөж, 48 хүүхэд амь насаа алдсан тухай дуулгаад ийм статистик тоо гарч байгаа нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг орон даяар хэлэлцүүлэх болсныг онцолсон юм.
Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хуулийн төслүүдийн талаар танилцуулаад, хүүхдийн байгууллагын эрхийг баталгаажуулах, хүүхдийн эрхийн улсын байцаагчийг бий болгох зэрэг олон ажил хийхээр төлөвлөж байгааг дуулгав.
Мөн энэхүү хэвлэлийн бага хуралд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес оролцсон юм. УИХ дахь тус лобби бүлгийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжиж хамтран ажиллах бөгөөд хүүхэд, гэр бүлтэй холбоотой аливаа хуулийн төслүүдийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх зорилгоор мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллана. УИХ-аар хүүхэд хамгааллын хоёр чухал хуулийн төсөл хэлэлцэж байгаа нь чухал үйл явдал. Тэр дундаа олон нийтийн санаа бодлыг авах гэж байгаа нь хуулийг улам сайн болгоход хувь нэмэр оруулна хэмээн Суурин төлөөлөгч Роберто Бэнес хэлэв.
Монгол Улсын Их Хурлаар хүүхэд хамгааллын тухай 2 хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь чухал үйл явдал юм. Тэр дундаа олон нийтээс санал авах гэж байгаа нь эдгээр хуулиудыг улам сайн болгоход хувь нэмэр болно. Иймд Монгол Улсын нийт иргэд, эцэг эх, асран хамгаалагчид гээд хүүхэд багачуудынхаа төлөө сэтгэл зовинодог хүн бүхэн энэ аянд идэвхтэй оролцож, саналаа өгнө гэдэгт найдаж байна гэлээ