Ханшийн зөрүүгээр тоглосон Хөгжлийн банкны луйвар
2015/06/16
-Арилжааны бус банк "Мөнгө угаасан” нь ашиг гэж үү-
Банкийг төрийн болон арилжааны хэмээн ангилдаг. Арилжааны банкууд ашгийн төлөө ажилладаг нь мэдээж. Учир нь тэд бизнесийн байгууллага. Гэхдээ ямар ч хамаагүй аргаар ашиг ол гэсэн үг биш. Хууль сахих ёстой. Төрийн банк бол өөр юм. Зээл өгөхгүй, ивээн тэтгэхгүй, зөвхөн санхүүжүүлэгч байгууллага. Тэдний нэг төлөөлөл нь Хөгжлийн банк бөлгөө.
Эхлээд сайн мэдээ дуулгая. Засгийн газрын 2013 оны нэгэн тогтоолоор дэд бүтэц, автозам, эрчим хүч, барилгын салбарыг тус банкаар дамжуулан санхүүжүүлсэн байдаг. Ингэхдээ “Самура", “Чингис” бонд гаргаж, валют их хэмжээгээр оруулсан билээ. Тэгснээр том том бүтээн байгуулалт өрнөсөн. Өөрөөр хэлбэл, шинэчлэлийн болон шийдлийн Засгийн газрын сайн ажлын нэг гэсэн үг. Хотлоороо дэмжсэн дээ. Хувь хүн би ч хэрэндээ хөөрч явлаа.
Үнэхээр сайшаам ажил байв. Дэд бүтцэдээ эргэлт гаргаж, замаа шинэчлэн, эрчим хүчний доголдлоо арилгаж, барилгын салбараа хөгжүүлснийг амжилт гэхгүй бол өөр юуг амжилт гэхэв. Монголчуудын магнай тэнийж, ингэж л нэг хөгждөг юм байж хэмээн баярласан удаатай. Үнэндээ ч тэгсэн. Энэ өнцгөөс харвал, бид азтай улс.
Одоо саар мэдээ хүргэхээс аргагүй болов. Орон даяар эдийн засгийн хямрал болж, үйлдвэр, компани, аж ахуйн нэгжүүд захаасаа аван хаалгаа барьж байхад арилжааны бус банк ашигтай ажиллачихсан цохиж явдаг байгаа. Бүр 134 тэрбум төгрөгийн олзтой шүү. Тэгтэл, 25 жил өдөр шөнөгүй “газар ухсан” үндэсний компаниуд өрөнд орчихсон тууж явдаг. Ийм жигтэй юм бас байдаг аа.
Сонирхвол, Хөгжлийн банк ам.доллараар санхүүжилт аваад, үндэсний компаниудтай төгрөгөөр, гаднын компаниудтай валютаар гэрээ хийжээ. Энэ мөчтэй давхцан инфиляц тохиосон нь тэдэнд жинхэнэ алтан, бүр алмаазан боломж авчирчээ. Гэрээ хийх үед 1450 төгрөг байсан валютын ханш 1990 төгрөгт хүрснийг бүгд мэднэ.
Энэхүү толгой эргэм их зөрүүнээс дээр өгүүлсэн 134 тэрбум төгрөг унагасан байна. Арилжааны банк ч авсаархан олохооргүй ашиг даа. Яг “лото” шиг. Сугалаанаас сохор азаар хэн нэгэн их хэмжээний мөнгө хождог тохиолдол хааяа гардаг даа. Тэр л санагдах юм. Тэд “гэдсээ илж” хэвтээд өнөөгийн хэлээр “цөм" хийсэн байгаа юм даа.
Үүнийг бодохоор нэгэн кинонд гардаг “Бахархмаар ч юм шиг, аймаар ч юм шиг” гэдэг үг сэтгэлд сэрхийнэ. Далимд өгүүлэхэд, дээрх салбаруудын төслүүд 2011-2013 онд улсын төсөвт төгрөгөөр тусгагджээ. Өгүүлэгдэн буй явдал үндэсний компаниудад хэрхэн туссаныг өгүүлье.
Ойлгомжтой болгохын тулд хамгийн багаар тооцон, энгийн арифметик бодоцгооё. “X” компани 2013 онд 10 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ гэе. Тус компани материалаа гаднаас авчээ. Зургаан тэрбум төгрөг зарсан байна. Валютын ханш огцом өсөв. Тэр үед зургаан тэрбум төгрөг дөрвөн сая 285 мянган ам.долларын ханштай байжээ.
Ажлаа хийх явцад өнөө мөнгө нь унаад гурван сая 300,000 ам.доллартай тэнцэхүйц болчихжээ. Зөрүү нь 951 мянган ам.доллар байгаа биз. Монгол мөнгөөр тооцвол тэрбум 700 сая төгрөг болно. Анх авсан 10 тэрбум төгрөгөөс хоёр тэрбум 500 сая төгрөгийн алдагдал хүлээсэн хэрэг. Оргил ханш болох 1990 төгрөгөөр бодоогүйг болгооно биз ээ. Зарим компани 20, 30 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн байгаа шүү дээ.
Түүнийг оргил ханшаар тооцоод зөрүү бодвол эрүүл хүний ч санаанд багтамгүй тоо гарах нь дамжиггүй. “Тайхар чулуу”-гаар даруулснаас ч хүнд байж мэднэ. Нэгэн зүйлийг орхимгүй санагдав. Дээрх компани гэрээ байгуулахын тулд тус банкинд 500 сая төгрөг байршуулсан ажээ. Валютын ханш мөн л 1450 төгрөг гэсэн үг. Ажлаа дуусгаад өнөө мөнгөө авах болоход валютын ханш 1800 төгрөгт хүрснээс зөрүү нь 344 мянга 827 ам.доллар болчихжээ.
Үүнээс алдагдал нь 67047 ам.доллар буюу 120.000.000 сая төгрөг. Энэчлэн давхар, давхар алдагдал хүлээхийг аймшиг гэхээсээ там гэвэл зохилтой. Дайны хажуугаар дажин гэгчээр дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ байнга унав. Нэг ч мо, нэг ч копейк, нэг ч центээр өссөнгүй. Хяслангийн дээд хяслан гэж үнийг л хэлэх байх.
Энэ бүхнээс харахад дээрх банк “Иргэний хууль”-ийг жинхэнэ уландаа гишгэжээ. Гишгэх байтугай дэвсэлжээ гэхэд хилсдэхгүй. Алдагдлыг гэрээ хийх үеийн ханшаар тооцох ёстой атал тэгсэнгүй. Мөнгөний хэлбэлзэл тооцдог хууль бий ч мөн л авч хэлэлцсэнгүй. Хачирхалтай нь гэрээ байгуулах үед хууль зөрчин “Үнийн дүнд тохируулга хийхгүй” хэмээн ам тангараг өргүүлж чадсан байгаа юм.
Ашигтай ажилласан юм бол ядаж үндэсний ядарсан компаниудаа ганц удаа боловч харж үзэж болдоггүй л юм байх даа. Үсрээд л 134 тэрбум төгрөгийн хагас нь л гарах биз. Компанийнхан гомдол, хүсэлт гаргахаар “хар данс”-ндаа авчих гээд байдаг гэнэ билээ. Тиймээс тэд ус балгаж, амаа үдүүлсэн мэт чимээгүйхэн суудаг юм байна.
Зориглон тусламж хүссэн компанийнхныг “гэрээгээ биелүүлээгүй” гэдэг үгээр амыг нь тагладаг аргыг ч тэд бас олжээ. “Чингис бонд”-оор гэхэд л 1,5 тэрбум ам.доллар оруулж иржээ. Валютын ханш 1450 ам.доллар байхад хоёр их наяд 275 тэрбум төгрөг гэсэн үг. Үүнийг өссөн ханш 1800 төгрөгөөр бодвол 2,7 их наяд төгрөг болно. Зөрүү нь 583 тэрбум төгрөг болж байна. “Галзуу” байна уу?Энэ их мөнгө хаачдаг юм бол доо.
Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан хэд хэдэн компанийн удирдлагатай уулзвал, “Хадны мангаа”-наас сүнс нь зайлсан хүүхэд мэт айдас тээсэн улс байлаа. Энэ бүхнээс хэн хожиж, хэн хохиров гэдэг асуулт гарах нь зүйн хэрэг. Тэгвэл, валютаар гэрээ хийсэн гаднын компаниуд ашигтай ажиллаж, төгрөгөөр гэрээ байгуулсан үндэсний компаниуд өрөнд баригджээ. Гаднын компаниуд хожсон шиг хожиж, үндэсний компаниуд хохирсон шиг хохирчээ гэсэн үг.
Манай хойд хөрш ОХУ-д яг ийм юм тохиосон л доо. Тэд компаниудаа хэрхэн хамгаалж үлдсэнийг манай компанийнхан шүлсээ гоожуулан харж суухаас хэтэрсэнгүй. Монгол Улсад мөнгөний тэнцвэржилтийг хариуцдаг цорын ганц хүн байдаг нь Монголбанкны Ерөнхийлөгч билээ. Иймд Монголбанк ч хохирлыг нь барагдуулахад болохгүй гэх газаргүй мэт.
-Ханшийн зөрүүгээр тоглосон Хөгжлийн банкны луйвар нэг иймэрхүү. Эл банкны луйврыг төрийнх гэвэл, булхайтай төртэй улс буруу замаар будаа тээлгүй ч яахав. Хатуухан хэлэхэд, Хөгжлийн банкны “мөнгө угаалт” гэсэн ч болох.
Эцэст Монголбанкны ерөнхийлөгч (төгрөгийн тогтвортой байдлыг хангахыг улсынхаа өмнө хуулиар хүлээсэн цорын ганц албан тушаалтан), дээрх төслийг санхүүжүүлэхдээ, үндэснийхээ компаниудыг сөхрүүлсэн Хөгжлийн банкны удирдлага буруутай болохоос, хэрэгжүүлэхийн төлөө зүтгэсэн Засгийн газрыг буруутгаж яахан болохов.
Г.Мөнхнасан