Жил жилийн наадам дуулиан шуугианаар дүүрэн болдог. Өнөө жил ч ялгаагүй ээ, бөхийн барилдаан бүтэн жил яриад барагдахааргүй яриа хөөрөө, уйлаан майлаан, баяр хөөр, гомдол цөхрөл, харуусал, ялалтаар хослон өнгө алаглаж болох нь мэдээж.

Тэртээ 2006 онд монгол бөхийн зүлэгт ногоон дэвжээнд зодог тайлж буйгаа зарлан, бөхөд хайртай олноо нус нулимстай нь хольж орхисон Сүхбат аварга дахин зодоглох нь нэгэнт тодорхой боллоо. Эндээс л өнөө жилийн наадмын бөхийн барилдаан үзэж харах юмтай, ярьж дуулгах сонинтой, олон түмний инээдэм, эгдүүцлийг хүргэсэн хошин аястай болох нь мэдрэгдээд эхэлж байгаа юм. “Чөлөөндөө суугаа хурандаа” гэдэг шиг зодгоо тайлаад удаж буй аварга нүцгэлэхээр наадам сүр дуулиантай болдог нь ямар учиртай юм бэ гэж гайхах хүмүүс байж магад. Тэгвэл өнгөрсөн жилийн хов жив, яриа хөөрөө намдаагүй байгаа шүү дээ.

Наадам ойртох тусам зарлигаар тодорсон хоёр дархан аваргын тухай хүчтэй яригдана. Түрүү жил Сүхбат нь зүүний магнайд гарна гэж орилж цамнаад, наадмын бөхийн барилдааныг эхлүүлэлгүй гацаагаад юу юу л болсон билээ. Гурвын даваанд Өсөхбаярыгаа амлаж ч байх шиг, ард түмнээ баясган цэнгүүлэх биш балмагдуулан гайхашруулж, уур бухимдлыг нь төрүүлж орхисон. Монгол бөхийн түүхэнд төрийн наадмын гурвын даваанд дархан аварга цолтой бөх дархан аваргаа амлаж байсан удаагүй. Гэвч монголчууд бид нэгэн “шинэ түүх”-ийн гэрч болцгоосон юм даг. Бөхийн холбооны гаргасан улсын цолтой бөхчүүдийн эрэмбээр Өсөхбаяр Сүхбатын өмнө босож байгаа. Үүнийг Р.Нямдорж тэргүүн баримттайгаар олон түмэнд дэлгэн үзүүлсэн. Энэ жил тэгээд Өсөхөө Сүхбат хоёрын хэн нь зүүний магнайд босох вэ. Бөхийн эрэмбэ, жудаг ёсоо дагах уу. Эс бөгөөс хэн нэгний санаа бодолд нийцүүлэх үү. Уг асуудлаас улбаалаад ардын хувьсгалын ерэн дөрвөн жилийн ойн бөхийн барилдаанаа сонин хачин эхлэх нь дамжиггүй.

Гурвын даваанд эрх биш Сүхбат нь Өсөхөөгөө эсвэл, Өсөхөө нь Сүхбатыгаа амлаж наадмын цэнгэл найрыг унагахгүй байлгүй. Зарлигаар тодорсон хоёр дархан аварга нутаг нугынхаа нас нь явж, харих тийшээгээ хандсан начингуудаас амлана. Гар зөөлөн давахаа тэд мэднэ л дээ. Харин дөрвийн давааныхаа ам бөхийг эртхэн шиг бэлдэж, “хор”-оо сайтар найруулж авахгүй бол тун чиг эвгүй. Ухаандаа дөрвийн даваанд Сүхбат аваргатай цолныхоо эрэмбээр Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат аймгийн начин Хүрэл-Очирын Гантулга, Өсөхөө аваргатай Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн заан Цэдэндоржийн Мөнхбаяр нар таарах магадлал өндөр. Тэд бол улсын цол цээжинд нь багтаж байгаа залуучууд. Гантулгаас Сүхбат аварга гуйж таарна. Барилдана гэвэл хэцүү юм чинь. Бахимхан биетэй, хоёрын гарын шуундаа жигтэйхэн тэнхээтэй аймгийн начин Сүхбат аваргыг маань ганцхан хүчтэй угзрахад элгээрээ харуулдаад л явчихдаг болов уу, яадаг бол. Ард түмэн шуугиж шаагиад сүйд болно. Тэгэхээр аваргад ам мэхээр аргалахаас өөр гарц байхгүй. Барилдахаар өрөхдөө жигтэйхэн инээд алдаад “Миний дүү ч өнгөтэй байх чинь. Ирэх жилээс ахынхаа Олимп дэвжээнд бэлтгэл сургуулилтаа хийнэ биз дээ” гээд гүйцээ. Өсөхөө аваргын хувьд хэрвээ Увсын Мөнхбаяртай таарвал мөн ч бэрхтэй. Тэр жил “Женко” дэвжээний Сугаржаргал гэж “хатуу самар”-тай дөрвийн даваанд учраа таараад тахимаа өгч байсан. Мөнхбаярын хувьд панаалдуулна гэж барагтай байхгүй. Яхир үзнэ. Гэхдээ Өсөхөө аварга сүүлийн зарим нэг жилд дөрвийн давааны учраагаа эхнээсээ бэлдэх болсон. Батцэнгэлийн “динозавр”-уудын нэг болох Дүгэржавын Хишигдорж заанаар гурвын даваанд залуу бөхийг амлуулаад тахимыг нь өгүүлчихэж байгаа. Хишгээ заанаар гурав давсан залуу эрэмбээрээ Өсөхөө аваргатай оноолт таарах жишээний. Энэ бол Мөөеө, Цэрэнтогтох нарын аваргуудын хийж ирсэн нарийн арга л даа. Мөөеө аварга Сосорбарам тэргүүтэй нутгийнхаа өвгөн арслангуудыг хэд хэдэн жил гүүр болгон ашигласан удаатай. Цэрэнтогтох аварга зарим жил мөн л өөрийн нутгийн Ганбаатар арсланг гүүр болгож байсан. Харин 2005 оны наадмаар байна уу даа, өнөө Ганбаатарынхаа аманд залуу бөх өгч, дөрвийн даваанд өөртэйгөө тааруулахаар төлөвлөчихсөн байтал Увсын Элбэгбаяр гэж лүд Цэрэнпунцаг гарьдаар гурав даваад Цэрэнтогтох аваргын маань хамаг төлөвлөгөөг нурааж байсан удаатай.

Гурвын даваанд залуучуудад хэвтээд өгөх хэд хэдэн “номхон тэмээ” бий. Балжаа аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан, за тэгээд Ц.Мягмарсүрэн, Д.Бумбаяр,Ч. Батзориг, нарын заанууд, Г.Элбэг, Ховдын Т.Амартүвшин, Говь-Алтайн Ж.Амартүвшин нарын харцагууд гурвын даваанд буулт хийнэ. Мөн энэ жилээс И.Доржсамбуу гарьд гурвын даваанд тахим өгөх байх. Балжаа аварга мэдээж Увсынхаа залуучуудаас авна. Аймгийн хурц арслан О.Гантулгыг амлаж даваа ахиулах магадлал өндөртэй. Доржсамбуу гарьд Булганыхаа залуучуудаас авах байх. Тэр жил өөрийн хүргэн аймгийн арслан А.Отгонбаатарыг амлалгүй, “Ажнай” компанийн бөхийг начин болгож хүргэн дүүгээ гомдоосон тэрээр энэ жил гомдлыг нь тайлах зорилгоор гурвын даваанд амлаж таарна. Гэхдээ Ёндонсамбуу, Цогтжаргал гээд начингуудаар Отгонбаатарыгаа гар хөнгөн давуулаад өөрөө “Ажнай”-н бөх гэдэг шиг арай нааштай хандсан нэгэнд нь тахим буулгах хувилбараа хэдийнэ бодчихсон байгаа.

Мягмарсүрэн, Батзориг гээд Ховдын заанууд нутгийнхаа дүү нараас авах биз ээ. Мягаа заан өнгөрсөн жил О.Хангайгаа аваад өгч байсан. Өнөө жил дахиад амлаж шавийгаа тунаанаас гаргах бодол байж л байгаа. Батзоригийн хувьд төрсөн ахынхаа хүү энэ жилийн наадмын түрүү үзүүрт яригдаж байгаа Пүрэвсайханд бүх анхаарлаа хандуулчихсан нь тодорхой. Пүрэвсайханы даваа бүрийг нарийн тооцоолж, хэнтэй яаж барилдахыг нь нэгд нэгэнгүй бодчихсон, ёстой л Пүрэвсайханаар өвчилчихсөн байгаа. Дүүгийнхээ өмнөөс өөрөө нервтээд л. Бөөн зовлон байгаа биз дээ. Бумбаяр зааны хувьд өөрийн шавь “Алдартан” дэвжээний залуу хүчтэн цэргийн арслан Бадрахын Ганзоригийг амлаж тахимаа өгнө. Түүнд өөр гаргалгаа байхгүй. “Увс нуур” галынхан Гантулга, Ганзориг нарыг начин цолонд тааварлаад, Бат-Орших харцагыг их дээшээ зүтгүүлнэ гэсэн бодолтой байгаа нь мэдээж. Харцага цолтой бөх түрүүлүүлдэг бичигдээгүй хууль Увсынханд бий дээ. Залуу аварга Мөнхбат, арслан Батсуурь нар харцага цолноос төрийн наадмын түрүү бөхөөр тодорсон. Тиймийн учир “Увс нуур” галыг ахалж байгаа Гантогтох гарьд Бат-Орших харцгыг хараандаа авчихаад тусад нь битүүхэн нөөж байгаа байх.

Улсын харцага Д.Батболд өөрөө давчих юм бол гурав дээр нутгийн дүү Болдын Эрдэнэхүүг, Өвөрхангай нутгийн хүчтэй начингуудын нэг “Мөнхийн үсэг” группийн бөх П.Ганхүү нутгийн дүү Цэндзэсэмийн Чимэддоржийг, улсын харцага Г.Элбэг мөн л нутгийн дүү Хөвсгөл аймгийн арслан Хаш-Эрдэнийг гурав дээр авах магадлалтай. Өвөрхангайн “Их Монголын хүчтэн” дэвжээг олон жил дасгалжуулж буй Бандийн Ганбаатар арсланд бас нэг зовлон байдаг. Тэр нь өөрийн хүргэн аймгийн арслан Б.Батдорж юм. М.Жамъянпүрэв начин хоёр давчих юм бол Батдоржийгоо мундагдуулаад авахуулчихна. Жамъянпүрэв ч гэлтгүй Ганбаа арслангийн хүргэнийг гар хөнгөн гурав давуулчих цолтон Өвөрхангайнханд мундахгүй. Улсын цолны тааварт олон бичигдсэн бөхчүүдээс Сүхбаатарын Шарын Мөнгөнбаатар гэж аймгийн хурц арслан бий. Тэрээр энэ жилийн хувьд тун сайн байгаа. Бөхийн холбооны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд Н.Ганбаатар гарьдаар зургаа, Увсын П.Бүрэнтөгс арслангаар долоо давж их шөвгийн наймд шалгараад Хэнтийн Э.Оюунболд харцагатай тунаж барилдаад өвдөг шороодсон. Түүнийг гурав дээр аваад гар хөнгөн давуулчих хүн байхгүй. Буянтоо аваргын зээ хүү Ц.Магалжав л барилддаггүй юм бол Сүхбаатараас өөр бөхгүй болоод байгаа. Тэгэхээр Мөнгөнбаатар өөрийн хүчээр л зүтгэнэ. Залуу начингуудын аманд очих уу, эсвэл гурвын давааны төгсгөлд Дундговийн Эрдэнэбатын Даш, Завханы Шархүүгийн Пүрэвгарьд, Баян-Өлгийн М.Эркебулан, Сэлэнгийн Б.Одгэрэл, Б.Дэлгэрсайхан, Дорнодын П.Мөнхбат, Булганы Б.Амарсайхан, Баянхонгорын Н.Золбоо, Ховдын Б.Бат-Өлзий нарын нэгтэй халз таарна. Гурвын давааны ам угтуулд Архангайн Б.Амарзаяа начин аймгийн арслан Ч.Ганзориг, М.Бадарч нарын аль нэгийг, Ховдын Н.Батзаяа мөн нутгийн дүү нар болох Мянгадын Н.Батсайхан, Дарвийн Б.Тайван, Зэрэг сумын Б.Бат-Өлзий нараас ам авах байх. Мөн өсөх идэр начин Цогтоогийн Лхагвасүрэн Ховдын залуучуудаасаа амлаж элэг бүсээ тайлна. Шоовдойхүүгийн Тогтохбаяр гэж Ш.Батсуурь аваргын нутгийн удамтай начин бий. Тэрээр гурвын даваанд өөрийн төрсөн дүү аймгийн хурц арслан Ш.Шинэбаярыг амлах нь мэдээж. Гурвын давааны төгсгөлд, дээрээ татаасгүй “бор зүрх”-ээрээ зүтгэж буй нөхөд хоорондоо яс үзэж таарна. Давсан нь улсын цолны төлөө, унасан нь дараа жилийн наадмыг хүлээх тийм л хоёр сонголт байдаг хойно.

Начны давааны наана дөрвийн даваа гэж тун өндөр босготой, эвгүйхэн даваа бий. Олон ч хүнийг бүдрүүлдэг даваа. Тэр жил зүүн, баруун жигүүрийн хоёр түүчээ болох Өсөхбаяр, Мөнхбат аваргуудыг элэг бүсийг нь тайлуулж байсан удаатай. Өсөхөө аварга Сугаржаргалд, залуу аварга С.Мөнхбат Увсын Бүрэнтөгс гэж залууд тахимаа өгч байлаа шүү дээ. Энэ жилийн хувьд Өсөхөө,Сүхбат хоёр хэн хэнтэй учраа таарах магадлалтайг дээр өгүүлсэн. Залгуулаад таамаглахад, залуу аварга Мөнхбат Завхан аймгийн арслан Пүрэвгарьдтай таарах магадлал өндөр байгаа. Түрүү жил таараад Пүрэвгарьд аваргыг хариугуй унагадгийн даваан дээр аз дутсан. Энэ жил бол айж бэргэх юм байхгүй, туранхай шазруун нөхөр чинь залуу аваргын баруун зүүн хөлд хэд хэд бусгаж дайрснаа, бултаж үзээд нэг мэдэх нь тонгороод шидчихийг байг гэхгүй. Пүрэвгарьд Мөнхбат аваргыг өвдөглүүлчих юм бол цэнгэлдэхэд багтаж ядан байгаа олон бах тав нь нэг ханасан мэт орилолдоод босоод ирнэ. Пүрэвгарьдын хувьд Мөнхбат аваргатай биш юм аа гэхэд Мөнхбаатар арслан, До.Ганхуяг хэнтэй нь ч таарсан хаяна гэж л үзнэ. Угз татаад гаргаад ирэхэд резин шиг л сунаад, улам наалдаад байдаг зовлонтой хүн л дээ.

Дөрвийн давааны нэг том дуулиан бол Санжаадамба, аймгийн арслан О.Хангай хоёр. Нэг хэсэг Харүмафүжи Бямбадоржийн ах Лхагвадорж начинг Санжаадамбын эрлэг гэж нэрлээд байлаа. Улсын наадамд ч, улс тунхагласны ой зэрэг заал танхимын барилдаанд ч дөрвийн давааны нугалаанд таараад хаядаг байсан. Тэгвэл сүүлийн үед залуу заан Санжаадамба Ховд аймгийн харьяат, Ховд нутгийн хөгжлийн сангийн бөх аймгийн арслан Хангайд хэд хэдэн удаа өвдөг шороодоод байгаа. Өст хүн өлийн даваанд гэгчээр өнөө Хангай гайхал чинь Санжаадамба заантай дөрвийн даваанд оноолт таарч баллах вий. Ээ дээ тэгвэл, Архангайн зон олны төдийгүй монгол түмний түрүүлнэ хэмээн хүлээж суугаа залуу заан, аймгийн арслан Хангайд тахимаа өгч, юун түрүүлэх манатай, тав давж шөвгөрөх ч үгүй хоцрох болно. Санжаадамба мэдээж хэд хэд хүчтэй туйлна. Гэвч Хангай арслан ирийг нь дарж, тогтоож байгаад ганцхан хавирчих талтай.

Дөрвийн давааны өөр нэг сонирхол татах барилдаан Хан Хэнтийн нутгийн хүү залуу харцага Э.Оюунболд, Сүхбаатар аймгийн арслан Шарын Мөнгөнбаатар нарын хооронд болох магадлалтай юм. Мөнгөнбааатрын хувьд Оюунболд харцагыг төвөггүйхэн мушгичих юм уу, дасгаж дасгаж байгаад ташаалдаж тонгорох дархан мэхээрээ тархиар нь газар шаачихаж чадах л хүн. Б.Бат-Эрдэнэ аваргын нутгийн хүү Э.Оюунболдыг их дээгүүр барилдана гэж олон хүн таамаглаж байгаа. Сав л хийвэл тунадаг Пүрэвдагва начин, Содномдорж харцага, Пүрэвсайхан харцагууд Оюунболдтой хэрхэн барилдахаа тооцоолж байгаа. Гэтэл дөрвийн давааны оноолтод Мөнгөнбаатарын дархан ташаанд явчихыг үнэндээ үгүйсгэхгүй юм. Сануулах, сэрэмжлүүлэх үүднээс үүнийг бичиж буй хэрэг шүү дээ.

Аймгийн цолтой бөхчүүдээс гойд сайн байгаа нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Эрдэнэбатын Даш. Бие хаа, царай зүс сайхантай түүнийг Дундговь нутгийнхан Алтанхуяг, Пүрэвжав хоёроосоо илүүтэй хайрлаж, итгэл хүлээлгэх болсон дуулддаг. Дашийн хувьд өнөө жилийн наадмын дөрвийн даваанд Говь-Алтайн Э.Бат-Эрдэнэ, Н.Ганбаатар гарьдууд юм уу, Б.Соронзонболд заантай учраа таарах магадлал өндөр. “Хантайшир” дэвжээний дасгалжуулагч Доёдын Бадрах начин үүнийг анхаарах хэрэгтэй. Даш арслан Алтайн хөх харчуудын хэнийг нь ч байсан сунгаж татаад, наадамчдын уухайн дор элэг бүсийг нь тайлуулж мэднэ. Хоёр жилийнг өмнө байна уу даа, Говь-Алтайн өндөр Ганбаатар гарьдыг Увсын Төрөөгийн Баасанхүү гэж биеэр жижиг боловч элдэвтэй нөхөр салтаанд нь, хоёр хөлийнх нь хооронд хэд хэд эргэж байгаад яах ийхийн зуургүй бөгсөөр нь суулгачихаж билээ. Түүн шиг Гончигтавхай, Пүрэвгарьд, Амарсайхан, Чимэдвандан , Эрдэнэчулуун гээд элдэвтэй залуучууд цаана чинь олон бий. Тэд дөрвийн даваанд гараад ирвэл ёстой хяргана даа. Тэгэхээр дөрвийн даваа өндөр цолтой бөхчүүдэд хамгийн их халгаатай юм.

Ө.МАНЛАЙ

Үргэлжлэл бий