Анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Монголиан майнинг корпораци"-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус бие даасан гишүүнээр ажиллуулах тухай гэрээг 2012 оны аравдугаар сарын 12, 2014 оны аравдугаар сарын 13-ны өдөр тус тус хоёр жилийн хугацаагаар дахин байгуулсан байжээ.

Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд “Зохих албан тушаалтан нь аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн ажээ. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатыг албан тушаалаас нь бууруулан, хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон байна. Энэхүү хяналт шалгалт, П.Очирбатад хариуцлага тооцуулах тухай албан тоотоо АТГ-аас зохих албан тушаалтуудад хүргүүлээд байгаа юм байна.

АТГ-т УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Монголын залуу хуульчдын “Хос дэнс клуб" ТББ-аас “Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат нь Монголиан майнинг корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус бие даасан гишүүнээр ажиллаж уг компаниас цалин хөлс авч байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгуулах тухай албан бичиг хүргүүлсэн байсан билээ.

Энэ дагуу АТГ-аас хяналт шалгалт хийсний дүнд дээрх дүгнэлтэд хүрчээ.