Монголдоо төдийгүй дэлхий дахинд язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлэхээр хүчин зүтгэж байгаа Язгуур хамтлагийн уран бүтээлчид энэ жилийн наадмын тоглолтын нээлтэд уригджээ. Тодруулбал Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд наадамчин олондоо зориулан тоглогдох “Монголын гайхамшигт урлаг” ардын урлагийн тайлбарт тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн уралдаан, үндэсний хувцас загварын шоу тоглолт үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд тус тоглолтын нээлтэд “Язгуур” хамтлаг оролцож уран бүтээлийн дээжээсээ толилуулахаар болжээ.

   Үндэсний их баяр наадмын Урлаг соёлын салбар хороо, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо, Нийслэлийн Соёл Урлагийн Газар нар хамтран зохион байгуулж буй тус тоглолт долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 11:00-19:00 цагийн хооронд зохион байгуулагдах бөгөөд тоглолтод нийслэлийн харьяа дүүргүүдийн ардын урлагийн авьяастнууд, уламжлалт наадгайн өв тээгчид, судлаачид, "Андра" загварын агентлагийн дизайнер, моделиуд оролцох юм.


Ийнхүү ардын урлагийг олон түмнээ таниулж яваа “Язгуур” хамтлагийн уран бүтээлчидтэй түмэн олон минь үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын 11-нд 13:00 цагаас болох нээлтээр учран золгох нь ээ.

МОНГОЛЫН АРДЫН УРЛАГ МАНДАН БАДАРЧ, МОНГОЛ ТҮМЭН МИНЬ САЙХАН НААДААРАЙ...