ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж үзээд хэрэгсэхгүй болгожээ.  Тодруулбал,  “Эрдэнэс Тавантолгой” компанийн 17 тэрбумын тендерт  Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн дүүгийн охин Г.Уянгын “Gobi power” компани ялсан юм.

Дөнгөж ганц сая төгрөгийн дүрмийн санатай байсан энэ компани нь нэг л өдөр тэрбум төгрөгийн дүрмийн сантай болж долоо хоногийн дараа 17 тэрбумын ялагчаар тодорсон. “Эрдэнэс-Тавантолгойн” тендерт ялагч Г.Уянга нь ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн эхнэр юм гэх яриа ихээхэн дуулиан дэгдээсэн.  Уг үйл явдалд МАН-ынхан нэлээдгүй анхаарлаа хандуулан АТГ-т хандсан юм. Тэгвэл өнгөрсөн сарын сүүлчээр АТГ “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендер хуулийн дагуу явагдсан эсэхийг хянаад, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл байна хэмээн  АТГ үзжээ.  Гэтэл уг хэргийг Нийслэлийн прокурорын газар “эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй” хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар өнөөдөр АТГ-ынхан мэдээлэв.