“Хаан” даатгалыг учруулсан хохирлоо барагдуулах хугацаатай үүрэг өгөв
2015/07/06
ШӨХТГ-аас орон сууц эзэмшигч, өмчлөгчдийн даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдэд хяналт шалгалт хийсэн билээ. Энэхүү даатгал нь сайн дурын даатгал боловч Хаан даатгал, Ард даатгал иргэдээс зөвшөөрөл авалгүй орон сууцны төлбөр болон СӨХ-ийн төлбөр дээр мөнгө нэмж авдаг, уг хууль бус үйл ажиллагаанд нэр бүхий СӨХ-дууд болон нийслэлийн ОСНААУГ оролцож байсан ноцтой зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлснийг та бид санаж байгаа. ШӨХТГ-аас зөрчлийг нэн даруй таслан зогсоох, иргэдийг хохиролгүй болгох, цаашид бичгээр байгуулсан зөвшөөрлийн үндсэн дээр иргэдээс даатгалын мөнгө татаж байх шаардлагыг зөрчил гаргагчдад тавьж байв. Мөн түүнчлэн албан тушаалаа урвуулан ашиглаж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр ОСНААУГ-ын дарга Ж.Бямбажавыг АТГ, ЦЕГ-т шалгуулахаар өгч, уг албан тушаалтандаа хариуцлага тооцох саналыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд тус газраас хүргүүлсэн билээ.
Тэгвэл улсын байцаагчийн албан шаардлагын дагуу зөрчлөө хэрхэн арилгаж байгааг хянах зорилгоор ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан нийслэлийн ОСНААУГ болон Хаан даатгал ХХК-ийн удирдлагуудтай уулзжээ. Уулзалтад ОСНААУГ-ын дэд дарга Б.Баттуяа, ерөнхий инженер М.Дашзэвэг, Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Энхмагнай, Хаан даатгал ХХК-ийн дэд захирал Ө.Мөнхдаваа, хуулийн зөвлөх Ж.Номинцэцэг нар оролцсон байна. ОСНААУГ-аас Хаан даатгал ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, иргэдийн зөвшөөрөлгүй мөнгө татах зөрчлөө зогсоосноо мэдэгдсэн бол Хаан даатгал ХХК хэвлэлд зар тавьсны дагуу баримтаа авчирсан 200 гаруй иргэний 9 орчим сая төгрөгийг буцаан олгосон ба 40 гаруй мянган өрхтэй бичгээр шинээр гэрээ байгуулснаа мэдэгджээ.
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан орон сууцны даатгал иргэдэд хэрэгтэй үйлчилгээ, гагцхүү сайн дурын үндсэн дээр хийгдэх ёстойг сануулаад хууль бусаар мөнгийг нь татсан 44854 өрхөөс 200 өрхийн хохирлыг барагдуулна гэдэг туйлын хангалтгүй байна. Иргэд тэр болгон хэвлэлээр мэдээлэл аваад, баримтаа аваад танай байгууллага дээр очихгүй. Хохироосон иргэдээ ингэж чирэгдүүлж болохгүй. Иргэдээс мөнгийг нь нийтэд нь татсан, түүн шигээ нийтээр нь хохиролгүй болго. ОСНААУГ-ынхан Хаан даатгал ХХК руу буруугаа тохоод мултрахгүй. Хууль бус ажиллагаанд хамтран оролцсон учраас даатгалын компаниас иргэдийн хохирлыг барагдуулахаар олгогдсон мөнгийг тухайн иргэдийн орон сууцны төлбөрт тооцох байдлаар зөрчлөө хамтарч арилгахыг мэдэгдээд зөрчлийг бүрэн арилгахад 1 сарын хугацаа олгов. Энэ хугацаанд ОСНААУГ болон Хаан даатгал ХХК иргэдээс хууль бусаар хураасан орлогыг буцаан олгож барагдуулахаа илэрхийлжээ.
Хаан даатгал ХХК цаашид бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж, харин ОСНААУГ даатгалын компанитай цаашид хамтран ажиллах эсэх нь эрхийнх нь асуудал боловч иргэдтэй байгуулсан гэрээг нь нягталж үзэж байхаар болов. Даатгалын үйлчилгээг хуулийн дагуу хийвэл иргэд, хэрэглэгчдэд ач холбогдлыг нь ойлгуулах ажилд ШӨХТГ оролцож болох ба хууль бус ажиллагааг давтвал хатуу хариуцлага тооцохыг тус газраас анхааруулжээ.
Харин ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй Ард даатгал ХХК-ыг гаргасан зөрчлийнх нь дагуу, мөн албан шаардлагыг биелүүлээгүйн төлөө торгуулийн арга хэмжээ авах, Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу хууль бус орлогыг нь хураах арга хэмжээг тус газраас авахаар болжээ.