МУГЖ Д.Ширмэнтуяагийн шинэ уран бүтээл мэндэллээ
2015/07/06
Дэнж хотойтол нааддаг үндэсний их баяр наадам айсуй. Монгол зоны хүсэн хүлээдэг уламжлал баярын босгон дээр МУГЖ Д.Ширмэнтуяа “Нүүдэл” хэмээх нэгэн сайхан уран бүтээлээрээ Монголчууддаа бэлэг барьж байна. Нэрнээс нь “монгол” үнэртсэн энэхүү уран бүтээлд нүүдэлчин ард түмний дахин давтагдашгүй ахуй соёл, өв уламжлал, үзэсгэлэнт байгалийн талаар уран тод өгүүлэмжтэй юм. “Нүүдэл” дуунаас хараа бэлчээж дуусамгүй өргөн уудам тал нутаг, өвөг дээдсээс уламжилсан өв их соёлын гайхамшгийг мэдрэх болно. Дуутай хууртай нутгийн бүсгүй МУГЖ Д.Ширмэнтуяа 16-хан насандаа урлаг гэх их айлын хаалгыг тогшиж “Тэнгэрийн тамга” дуугаараа “Морин хуур” наадмын Тэргүүн байрыг эзлэж байсан давтагдашгүй амжилтын эзэн юм. Мөн “Сэтгэлийн цагаан хун” дуугаараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ. Үүний дараа “Уяхан замбативийн наран”, “Асрын өндөр”, “Тунгалаг тамир” зэрэг айзамт уртын дуугаараа урлагийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн юм. “Нүүдэл” дууны аяыг МУУГЗ Б.Бямбабаяр, үгийг Дорно дахины гүн ухаан судлаач Н.Батмөнх бичжээ.
Ц.Анир