Дэлхийн оюутны зуны “Универсиад” XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотод өнгөрсөн баасан гаригт эхэлж, Монгол улсын тамирчид амжилттай оролцож байна. Наадамд Монголын баг тамирчдын нэр хүндийг буудлагынхан тахалж байгаа гэж хэлж болно. Өөрөөр Монголын баг тамирчид таван медаль хүртсэний гурвыг нь буюу алт, мөнгө, хүрэл медалийг буудлагынхан авсан юм.

Тодруулбал энэ сарын 07-ны өдөр Эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд Монголын баг хүрэл медаль хүртсэн юм. Өнөөдөр Эрэгтэйчүүдийн Хийн гар бууны төрөлд “Апу” ХК-ийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү 575 оноо, спортын мастер Э.Бадамгарав 572 оноо, спортын мастер О.Төгөлдөр 567 оноогоор багаараа мөнгөн медаль хүртлээ. Мөн “АПУ” ХК-ийн тамирчин, ОУХМ Энхнтайваны Даваахүү 10 метрийн Хийн гар бууны төрөлд 575 оноогоор шигшээ 8-д шалгаран финалдаж Универсиад наадмын Аварга болсон юм.

Монголын буудлагын багт “АПУ” ХК-ийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Энхтайваны Даваахүү, спортын мастер Оюуны Төгөлдөр, спортын мастер Энхтайваны Бадамгарав нар багтдаг. Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү Төв аймгийн, спортын мастер Э.Бадамгарав Увс аймгийн харъяат бөгөөд тэд төрсөн ах дүүс гэнэ.