ОБЕГ баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ
2015/07/11
Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09 цагаас 15-ны өдрийн 09 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
Наадамчдын аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, урлаг соёлын арга хэмнжээнүүд зохион байгуулагдах объектууд, ёслолын буудлага хийх газруудад гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийг хангах үзлэг шалгалтууд зохион байгуулагдаж байна.
Тухайлбал энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд шингэрүүлсэн шатдаг хий ашиглах болсонтой холбогдуулан үйлчилгээний цэгүүд, хуушуурын гэрүүдэд үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж, хувь хүнд хий нийлүүлэгч байгууллагатай хамтран хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар нэгдсэн зааварчилгаа өгөх ажлыг зохион байгуулж байна.