Саранг төрүүлэхдээ ээж нь өөд болж тэрээр ээжийнхээ ээж дээр өссөн юм . Харин аав нь Солонгос явж их мөнгө олохоор явсан гэж эмээ нь хэлсэн. Хааяа Саранд аав нь гоё хувцаснууд өгч явуулна. Уг нь Саран аавтайгаа хамт баймаар л байдаг байсан ч эмээ нь аавыг нь ажиллаж их мөнгө олж, байртай болоод охиноо авна гэж хэлсэн юм, тийм болохоор ааваа санаж уйлж бас орондоо шээж болохгүй, тэгвэл аав нь ирэхгүй шүү гэсэн . Саран яаж ч байсан орондоо шээлгүй, бас эмээгийнхээ үгэнд сайн орж, уйлахгүй, хоолоо сайн иддэг, эмээгийн онц охин байх гэж хичээж байлаа . Хааяа эмээ нь уурлахаараа эхийнхээ толгойг залгисан амьтан гэж загнахад нь зүсийг нь үзээгүй ч зургаар нь таних ааваа бүр их санана.Бас нээрээ дотроо арай миний гэдсэнд ээжийн толгой байгаа юм биш байгаадаа яаж ээжийнхээ толгойг залгиж болдог юм бол? гэж ихэд бодлогоширох бас айж гэдсээ дарж үздэгсэн.Бүүр болоогүй ээ ээжийн толгой эмээгийн толгой шиг том байсан юм болов уу, эсвэл барбины толгой шиг жижигхэн байсан юм болов уу гэж элдвийг эргэцүүлэх ч хариуг нь олоогүй юм .Тэр ч байтугай бүр толинд өөрийнхөө бяцхан амыг хамаг чадлаараа томоос том ангайх гэж оролддогсон. Яаж ч том ангайгаад лав барбины толгойг ч залгиж чадахгүй л юм шиг санагддаг байсан юм. Энэ үгнийхээ учрыг нь олохгүй байсаар байтал Саранг 7 нас хүрдэг зун аав нь Солонгосоос хүрч ирлээ. Аав нь байр авах мөнгөтэй болсон тул охиноо авахаар иржээ. Хуучин хорооллын дөрвөн өрөө байранд Саран аавтайгаа хамт амьдрах боллоо. Нэг өдөр аав нь Саранг усанд оруулж, үсийг нь самнаж, цоо шинэ гоё улаан эрээн цэцэгтэй даашинз өмсүүлээд бас хажуу айлын Туяад Америкт байдаг ээж нь явуулсан гээд гайхуулаад байсантай яг ижилхэн гоё цэнхэр шаахай авч өгсөн юм.Аав нь ч бас хаа нэгтээ өмсдөг гоёлын хар костюмаа өмсжээ. 
- Ааваа хоёулаа хаачих гэж байгаа юм бэ? гэж гайхан асуухад, миний охин өнөөдөр шинэ ээжтэй болно гэж хэлхэд Саран ээжтэй болно, гэж бодохоос хөл газар хүрэхгүй баярлав.Яг үнэндээ Саран ээжтэй болохыг их олон жил дотроо мөрөөдсөөн.


- Ааваа манай шинэ ээж хөөрхөн үү, яг миний тэнгэрт байгаа ээжийн зурагтай адилхан уу гэх мэтээр тасралтгүй шулганах охиноо аав нь хөтлөөд машин уруугаа инээмсэглэн алхаж билээ. Гуравдугаар хорооллын тэнд гоё ресторанд аавтайгаа хамт шинэ ээжээ хүлээж суух зуур аав нь зайрмаг, ундаа авч өгөөд, шинэ ээжээ иртэл хувцасаа муухай болгохгүй байхыг сануулав. Мөн удахгүй үргэлж аавтайгаа бас шинэ ээжтэйгээ хамт амьдрах болсныг, амралтаараа эмээ дээрээ очиж байх талаар зөндөө л юм ярьсан ч гоё амттай зайрмагаа идэх гэж яараад заримыг нь ер сонсоогүй юм. Төд удалгүй хацар нь хонхойж, инээд алдсан урт хар үстэй гоё эгч аав уруу нь гараа даллахад зөнгөөрөө Саран шинэ ээж минь байх нь гэж мэдэрсэн юм.Тэр шинэ ээж үнэхээр, үнэхээр их хөөрхөн ажээ. Тас хар намирсан өтгөндүү үс, хацрын хонхорхой, цагаан царай, яралзтал инээмсэглэх нь яг л Туяагын Америкт байдаг ээж нь явуулсан гэх байнга гайхуулдаг барби шиг ёстой гоё ээж харагдсансан .Ээжийн мөрөөс болдог байсан тэрээр уг нь дотроо ээж ээ гэж хэлээд бас тэвэрч, үнсүүлмээр хичнээн их хүссэн ч нэг л юм хоолойг нь зуурчихсан бас хөлийг нь тушаад болж өгсөнгүй. Түүнээс хойш Саран ээжтэй, аавтайгаа хамт амьдарсаар 10 жил алсран оджээ.Гэвч Саран шинэ ээжийгээ ээжээ гэж хэзээч дуудаж чадаагүй юм. Тэрээр аниа гэж дуудахад аав нь зөндөө олон удаа аргадаж, гуйж ээжээ гэж хэл гэж загнаж бас хааяа нэг бөгсөн дээр нь байлгах бүрийд улам зөрүүдлэн би ээжээ гэж хэлж чадахгүй мэдэв үү гээд ий, ий гээд хоёр хөлөө савчин тэнгэр газрыг хадаан уйлснаас нь хойш дахин аав нь албадаагүй юм . Шинэ ээж Саранг хааяа загнахдаа загнаж, эрхлүүлэхдээ эрхлүүлж, үсийг нь самнаж, хувцсыг нь угааж, бас хооллож, хичээлд нь хүргэж зөөсөөр нэг л мэдхэд Саран томорч бас хөөрхөн дүүтэй ч болоодхов. Ээж нь яг үнэндээ бол дүүг нь ч Саранг ч яг л адил загнахдаа загнаж, хааяа таван салаа боов хүртээж өсгөсөн ч Саран дотроо үргэлж л энэ чинь миний жинхэнэ ээж биш, хойд ээж юм чинь, намайг л илүү үзэж байгаа даа гэж хардаж, гомдсоор ирсэн юм. Саран нэг сарын өмнө сургуулиа тараад явж байгаад машинд дайруулж гэмтлийн эмнэлэгт сар гаран хэвтэж ухаан ороход дэргэд нь ээж нь гарыг нь атгаад зүүрмэглэн буйг харлаа. Саранг ухаан орохыг харсан хажуу орны эгч

- Дүү минь чи үнэхээр азтай, сайхан ээжтэй охин юмаа. Чамд бүр атаархаж байна шүү, эгч нь ээжгүй өссөн юм. Хойд эх минь намайг үргэлж зодож, занчиж, загнаж хэцүү өссөн дөө. Гэтэл чиний ээж бүтэн сар ухаангүй байсан чамайг тойлж, ном уншиж өгч, массаж хийж, угааж арчиж яаж их асарсан гээч гэхэд Сарангын дотрыг урах шиг болов. Ээж ээ, ээжээ гэж гараас нь зөөлөн татвал ээж нь сэрж Саранг баярласандаа тэврэн авч, - Охин минь ээж нь хичнээн их айв, яадаг хүүхэд вэ чи, ашгүй минь, бурхан минь ухаан орлоо, аавд нь хэлье, эмч эмч дуудъя гэж сандарч, хөөрөн догдлох ээжийгээ үргэлж л гоочилж, өөнтөглөн харж байсан өөрөөсөө ичин халуун шорвог нулимс энгэрийг нь даган урсаж - Ээжээ, ээж минь намайгаа уучлаарай, ээжээ, ээжээ би, би таньдаа хайртай шүү гэж хоолой зангируулан хэлээд тэврэн авлаа.Төд удалгүй Саран хоёр суга таягтай гэртээ гарлаа. Ээж нь өрөөг нь шинээр засаж тохижуулжээ. Аниа аниа ээж муухай, таны өрөөг гоё болгочихоод ээж миний өрөөг муухай чигээр нь үлдээчихсэн, ээж ёстой муухай гэсээр дүү нь шулганан эгчдээ тэврүүлэх гэж зүтгэв. Амьдралынхаа хичнээн жилийг муухай бодлоор тээж дүүргэж амьдарснаа санахуйяа Саран өөртөө улам багтрав.Анх удаа бүр нэг тогтож ээжийгээ харлаа. Ээжийнх нь өтгөн сайхан хар үс шингэрчээ , хацрынх нь хонхорхой ч багасчихжээ. Нарийхан байсан бэлхүүс нь бүдүүрч, нүднийх нь зовхи доош унжжээ. Гэсэн ч ээж нь үнэхээр үзэсгэлэнтэй, яг л урьд нь 6 настай байхдаа анх харж байсан Туяагын барбигаас ч хамаагүй илүү хөөрхөн үзэсгэлэн төгс ээжтэй болохоо сая л анзаарлаа. Аав нь ч бас өөрчлөгджээ. Харин хэзээ ч өөрчлөгдөөгүй байсаар л байсан их хайрыг өнөөдөр л тийм ээ өнөөдөр гэртээ ирээд анзаарч олж харав. Дүү нь багадаа аниа та яагаад ээжийг ээжээ гэдэггүй юм бэ, яагаад аниа гэдгийн? Та чинь миний аниа, харин ээж чинь аниа бид хоёрын ээж биз дээ? гэж шулганан байхад нь цааш түлхээд уйлуулж орхидог байснаа санав. Аав нь ч ээж нь ч дүү нь ч бүгд түүнд ямар их хайртай байж вэ, үүнээс илүү жинхэнэ хайр байж болно гэж үү дээ гэтэл би үргэлж үл итгэж, өөлж, өөчилсөөр их олон сайн сайхан зүйлийг хар саарлаар буджээ. Ямар азаар тэр өдөр машинд дайруулсан юм бэ, хэрэв би эмнэлэгт хэвтэж, хажууд минь Оюун эгч таараагүй байсан бол энэ их жаргалыг насан туршдаа амсахгүй, мэдрэхгүй байх байжээ. Тэр ийн бодоод ээжийгээ хархад Ээж нь урьд урьдынхаасаа бүүр ч үзэсгэлэнтэй хамгаас сайхан дуу шүлгэнд гардаг шиг сайхнаас сайхан харагдахад ээжийгээ тэврэн авч энгэрт нь толгойгоо наахад, ээжийнх нь үнэр хамгаас сайхан байлаа. Тиймээ энэ сайхан ээжийг надад миний тэнгэрт суугаа ээж минь аав бид хоёрт явуулсныг хожимдож ч болохноо ухаарсан өөртөө тэрээр баярлав. Тэр өдрөөс хойш Улаанбаатарын жирийн нэгэн айл өрхийн дөрвөн өрөө хуучны угсармал байранд үргэлж баяр жаргал бялхаж, өрөө бүрт солонго эргэлдэн эргэлдэн бүжиж, гэр бүлийн их хайр хаалга цонх, хана туургаар далай мэт давалгаалан байсан юм.

 

Яруу найрагч Хулганайн Тэргэл. 2007 Wisconsin. (Номын хэсгээс авав)