“Монгол Ардын намын лидерүүд Хөгжлийн банкнаас тэрбум тэрбумаар зээл авсан байна”, “Ч.Сайханбилэгийн Засгийн газарт МАН-ынхан Сангийн яам, Зам тээврийн яам хоёрыг атгаж байгаа нь хамгийн үнэ цэнтэй, улс төр, эдийн засгийн өндөр ач холбогдолтой үйл явц бололтой” хэмээн цөөн уншигчтай дулимагхан сонин дээр тааруухан материал нийтлэгджээ. Гарчиг нь тун ч сүртэй, “МАН мөнгөний “мангас” байжээ” гэж. Тэгвэл АН яасан байх нь уу... “Ёроолгүй сав” байсан байх нь. Дээлээ нөмрөхдөө тулаад байгаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, хүргэн Г.Дэнзэн нар нь бондын мөнгийг баруун, солгойгүй цацаж, “том дарга”-ын далбаан дор дур зоргоороо аашилсны горыг амсаж яваа хүмүүс. Хүргэн хүү Г.Дэнзэн төрөөс 17 тэрбум төгрөг, ахлах зөвлөх, анд нөхөр Л.Гансүх нь 3.6 тэрбум төгрөг дээр нь “Цэвэр агаар” сантай холбогддог 5.6 тэрбум төгрөгийг ямар ч ажил хийлгүйгээр хувьдаа завшчихсан улс шүү дээ. Зөвхөн дээрх хоёр эрхмийн төрөөс хулгайлсан мөнгөн дүн нь 29 гаруй тэрбум төгрөг болно. Бараг зууны шилдэг луйварчдаар тодруулахад ч болохгүй юм байхгүй. Харин өнөөх сүржин нэртэй, даржин бичлэг дээр дурдагдсан МАН-ын гишүүдийн Хөгжлийн банкнаас авсан гээд байгаа зээл нь хийсэн ажлынхаа хөлсийг л авсан юм гэдгийг МАН-ын УИХ дахь бүлгийн зүгээс тов тодорхой тайлбарласан. Тэр ч байтугай Хөгжлийн банкны удирдлагад албан бичиг хүргүүлж хариу авсан байдаг. Тэгэхээр “МАН мөнгөний “мангас” байжээ” гэдэг нь ор үндэсгүй зүйл болж таарч байгаа биз. Харин “АН “ёроолгүй сав” байсан” нь саяхан хэлэлцээд, дэмжээд явуулчихсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн төслөөс харагдана. Өөрсдийнхөө хууль бусаар идэж ууж, хураасан хөрөнгөө хууль ёсных болгох гэж байгаа АН-ынхны ширлэсэн нүүрийг яах вэ. Энэ завхарсан хуулийн хамгийн ойрын жишээ. АН ийм л заваан “ёсроолгүй сав” шиг, идэж ууж, нууж хааж дуусдаггүй улс.

 

Хуулийн төслийн эхний хувилбарт “Хуулийн төслийн дагуу өршөөлд хамрагдсан, нууцлахаар заасан мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэхийг, энэ хууль гарахаас өмнө хэвлэн нийтэлсэн мэдээллийг дахин хэвлэн нийтлэхийг тус тус хориглоно” гэж заажээ. Мөн хууль зөрчсөн хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгоно гэсэн байгаа юм. Цаашилбал 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх тайлан баланс, хөрөнгө орлогын мэдүүлэг, төрийн архивт үлдэх ёстой албан бичгүүдийг устгахаар заасан байгааг юу гэж ойлгох вэ. АН-ын Засгийн газар дээрх журмыг баталснаар өнөөх бондуудын зарцуулалт, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэрэгтэй холбоотой баримт бичиг ор мөргүй устаж, алга болно гэсэн үг. Хамгийн гутамшигтай нь “... Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ” гэсэн байгаа юм. Товчоор бол, Авлигын эсрэг хуулийн дагуу авлигад тооцогдох үйлдлийг бүгдийг нь энэ хуулийн дагуу өршөөхөөр заасан гэсэн үг. Авлига авсан төрийн албан хаагчид, эрх баригчид өнгөрсөн гурван жилийн хугацаанд ард түмнээс хулгайлсан хууль бус хөрөнгөө хууль ёсных болгоно гэсэнтэй агаар нэг бус уу. АН цайрна цайрна гэхэд арай дэндэж байгаа юм биш үү.

 

Дайран дээр давс гэгчээр АН-ынхан дунд олигтой хуульч байдаггүй бололтой. Хүч түрэн баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих” тухай хуулийн төсөл нь Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хэд хэдэн хуультай харшилдэж байгааг олж хараагүй нь ийн дүгнэхэд хүргэж байна. Жишээ нь, “эцэг хууль” болох Үндсэн хуулий нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг, 14 дүгээр зүйлийн 1-д заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг, 17 дугаар зүйлийн 1-д заасан “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ” гэснийг тус тус зөрчсөн байгаа юм. АН-д хууль үйлчилдэггүй харин ард түмэнд хуульд үйлчилдэг ийм л жишгийг тэд энэ дөрвөн жилд тогтоочихлоо.

 

Нэгэн замын цагдаа “Ланд круйзер-200” маркийн автомашин зогсоогоод “Та аль намын гишүүн бэ” гэж асуутал машины эзэн “МАН-ынх” гэжээ. Тэгсэн замын цагдаа “Аан, ашгүй... Торгож болох юм байна. АН-ынхныг торгочихвол хэл ам хийгээд, намайг ажилгүй болгож мэднэ” гэсэн онигоо ч гэмээр яриа сошиалаар яваад байгаа нь үнэний ортой. Тэд ийм л дүр төрхийг дөрвөн жилийн хугацаанд нийгэмд бүтээсэн. АН-ын гишүүний өмнө хууль бөхөлзөж ард түмний өмнө хууль данхалзаж байдаг ийм л нийгэм. Товчхондоо ардчилалгүй ардчилагчдын тарьсан балгийг ард түмэн нуруун дээрээ дааж ядан үүрч явна. Бүр сүүлдээ төрийн мөнгөнөөс хумсалчихаад түүнийгээ нуун дарагдуулах санаатай өөрсдөдөө зориулж хууль баталж байдаг. Ард түмнийг арай л дэндүү доромжилж байгаа юм биш үү, АН-ынхан. Бөгс бөөрөө нийлүүлээд наалдчихсан “Шударга ёс” эвслийнхэн чинь хүртэл нүүрээ хийх газаргүй болж, наад хуулийг чинь дэмжихгүй гээд байхад “ширэн нүүр” гаргасаар байгаад дэмжээд явуулчихсан. Одоо Хууль зүйн байнгын хороо эцсийн хэлэлцүүлгээ хийнэ. Ингээд л АН-ынхан ямар ч идэж уусан, улсаас хумсалсан хөрөнгөгүй, өөрийн тархи толгой, бие сэтгэлийг чилээн байж олж авсан хөрөнгөтэй хүмүүс болж хувирна. Арчилагчдаа гэж... Мөн ч том толгойтой идэж ууж ханадаггүй, ёсроолгүй сав шиг нөхдүүд байх юм даа.

 

Хууль хэлэлцэж байхад УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэе.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:- Өршөөж болно. Гэтэл мэдээллийг нууцална гэх заалт орж ирсэн байх юм. Яагаад заавал нууц байгаа юм? Баялаг бүтээгчдийг дэмжиж байгаа нь сайн хэрэг. Энэ далбаан дээр өөр санаа агуулагдаад байгаа юм биш үү? Нөгөө бондын мөнгөний цавчаагаа энэ хуулиар халхавч хийн өнгөрүүлэх гээд байгаа юм биш үү? Өршөөсөн юм бол мэдээллээ ил тод байлгах хэрэгтэй. 

 

Компаниуд яг юунаас болоод хүнд байдалд  ороод байгаа талаар Засгийн газар судалсан юм уу? Бусад хуулиудын заалт ингэж хямраагаад байгаа бол өршөөгөөд сайн нөлөө үзүүлэх үү? Татварын өршөөлөөр үнэхээр 4.6 их наяд төгрөг төвлөрсөн юм уу?

 

УИХ-ын гишүүн Л.Цог:- Буцаасан хуулиа оруулж ирээд байгаа нь эрх ашгийн зөрчил байгааг харуулж байна. Эдийн засаг хямарсан нэрээр дахин оруулж ирэх юм. Монгол улс хямраагүй байна. Наадамлаж буй байдлаа хар, цалгиж байна. Ц.Даваасүрэн гишүүн хэллээ, буруу жишиг тогтоох гэж байна гэж. Энэ чинь үнэн шүү дээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:- Энэ хууль гэмт хэргийн өршөөлийн хуулийн заалтуудтай давхацсан чанартай байгаа. Гэтэл заавал тусад нь хууль оруулж ирж байгааг тайлбарлаж өгнө үү? Өршөөлийг энгийн иргэд, бизнес эрхлэгчид хүртэж болно. Гэхдээ улстөрчдөөс ангид байх ёстой.

 

Ардчиллаар халхавч хийсэн авлигачдын үнэн дүр төрх нь энэ. Ганц олдсон боломжийг салхинд хийсгэж алдаж болохгүй учраас тэд ингэж улайран зүтгэж байгаа юм. Монгол Улсын сан хөрөнгийн савыг дундартал нь гөвшиж орхисон тэдэнд одоо өөрсдийнхөө булайг нуун дарагдуулах хууль хэрэгтэй. Тэр нь “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих” гэсэн сүржин нэртэй ч үнэн хэрэгтээ “Авлигаар авснаа албан ёсных болгох” тухай хууль юм. Ингээд бодохоор “АН “ёроолгүй сав” байжээ” хөөрхий...

 

 

С.НЭМЭХ