Улсынхаа эдийн засгийг сэхээх гэж чадлынхаа хирээр чартайж байгаа гэхэд болно. Иргэд нь цалингаас цалин, ахмадууд тэтгэврээрээ амин зуулгаа залгуулж буй. Гадаад валютын ханшаас эдийн засгийн байдал ихээхэн нөлөөлдөг. Тэгвэл дөрөвдүгээр сараас хойш үргэжилсэн уналт үзүүлээд байсан долларын ханш буцаад өсч эхэллээ. Зургадугаар сарын эхээр 1879 төгрөгт хүрсэн долларын ханш өнөөдрийн байдлаар хар зах буюу “Найман шарга” зах дээр  1988 төгрөг болжээ.

Харин арилжааны банкууд нэг ам. долларыг 1981 төгрөгөөр авч, 1993-1996 төгрөгөөр зарж байгаа бол Монголбанкны нэрлэсэн ханшаар ам.доллар 1987 төгрөгтэй тэнцэж байна. 

Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх магадлал тун өндөр. Гэсэн хэдий ч иргэдийн амьжиргаагаа залгуулж байгаа хэдийг наймаачид бодох болсон уу гэлтэй одоогийн байдлаар өсөөгүй байна гэдгийг статистикчид гаргажээ.

Энэ сарын 05-ны байдлаар хонины ястай нэг килограмм мах дунджаар 6585 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7655 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 30 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах үнэ өсөөгүй. Харин үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр борлуулж байгаа гэнэ. 

Хонины ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8800 төгрөгөөр худалдаалж байна.  

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1180-1500 төгрөг, 1-р зэргийнх 990-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-970 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэтэй. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1200 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Замбала” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байгаа аж. 

Ургац, хураалтын цаг айсуй болоод ч тэр үү ногооны үнэ өсчээ.  Монгол төмс 45 төгрөгөөр, манжин 15 төгрөгөөр тус тус нэмэгджээ. 

 

Х.Даваа