Энэ долоо хоногт улс төрд МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудал олны анхааралын төвд байлаа. Тэгвэл  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын нэр бүхий гишүүдийг огцруулах асуудлаар зөвшилцөхөөр хүргүүлсэн албан бичгийн хариуд "Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий 6 гишүүнийг огцруулах тухай саналтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай санал нь улс орны нийгэм, эдийн засаг, олон улс дахь нэр хүнд, ард түмний аж амьдралд таагүй нөлөөлж, улмаар улс төрийн тогтворгүй байдал бий болгох үр дагавартай байж болзошгүй тул уг асуудлыг дэмжихгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна” хэмээв.

Гэсэн хэдий ч Засгийн газрын ээлжит бус чуулганаар зургаан сайдаа огцрууллаа. Одоогоос долоон  сарын өмнө АН, МАН гэрээ байгуулан улмаар   Шинэчлэлийн Засгийн газарт хамтран ажилласаарө нөөдрийг хүрсэн. Өчигдөр  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  МАН-аас  Засгийн газрарт орж ажиллаж буй зургаан гишүүнийг чөлөөлөх тогтоолын  төслийг өргөн барьсан.  Уг асуудлыг өнөөдөр байнгын хороогоор  хэлэлцэж олонхийн дэмжлэг авсан.  Улмаар асуудлыг  УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж,

Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын; Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын; Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын; Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын; Намхайн Төмөрхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын; Содномын Чинзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын үүрэгт ажлаас огцруулсан юм.

Ийнхүү огцоруулсан сайдуудын суудлыг ”Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг захирамж гаргалаа. Энэхүү захирамжаар Засгийн газрын гарсан зарим гишүүнийг нөхөн томилох хүртэлх хугацаанд Монгол Улсын Шадар сайдын үүргийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үүргийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд, Сангийн сайдын үүргийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод, Барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд, Зам, тээврийн сайдын үүргийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад, Хөдөлмөрийн сайдын үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд хариуцууллаа.

Мөн дараагийн сайд томилогдох хүртэл түүний үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу хариуцан гүйцэтгэж байхыг холбогдох сайд нарт даалгав.

Жил бүрийн намар нийгэмд хамгийн ихээр яригддаг сэдэв бол сургууль, цэцэрлэгийн асуудал. Энэ жилийн хувьд  нийслэлийн хэмжээнд  төрийн өмчийн сургуульгүй 62 хороо, цэцэрлэгггүй 41 хороо байгаа гэсэн судалгааг өнгөрөгч тавдугаар сард гаргасан.  Улсын хэмжээнд 2-5 насны буюу цэцэрлэгт хамрагдах ёстой 116 мянга 500 хүүхэд байна. Тэгвэл энэ жил дээрх тооны хүүхдийн 77 хувь буюу 88 мянга орчмыг нь цэцэрлэгт хамруулах боломжтой тухай Нийслэлийн боловсролын газар/НБГ/-ын орлогч дарга Р.Түвшинбат хэлэв.  Түүнчлэн хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхэд хандивын мөнгө авах тохиолдол цөөнгүй гардаг. Үүнийгээ ч эцэг, эхчүүд өөгшүүлсээр ирсэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Энэ талаар, НБГ-ын орлогч дарга Р.Түвшинбат "Одоо шинээр цэцэрлэгт орж байгаа хүүхдүүдээс хандив гэж ганц ч төгрөг авах ёсгүй. Харин суралцаж байгаа хүүхдүүдийн эцэг, эхчүүд өөрсдийн санаачлагаар ангид нь тоглоом, хэрэгтэй зүйлсийг нь авч өгч болно. Тэрнээс хандив нэрийдлээр бүртгэлийн явцад эцэг, эхчүүдээс ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй" гэсэн юм.

Хэрэв бүртгэлийн явцад ямар нэгэн хууль бус үйлдэл гарвал дүүргийн Боловсролын газар, НБГ-т иргэд гомдол гаргаж болно гэдгийг онцлов. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 25-28-ны өдрүүдэд явуулахаар болсон байна. Хүүхдээ бүртгүүлэхдээ зөвхөн оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх шаардлагатай аж. Цэцэрлэгийн эрхлэгч, багш нар зөвхөн хамрах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авна.

Г.Бошигтод МУ-ын Ерөнхийлөгч уучлал үзүүлэв. Ардчиллын анхдагчдын нэг гэгддэг, МоАХ-ны дарга асан Г.Бошигт өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүсч өргөдөл гаргаж байсан юм.

Тэрбээр 2013 оны хоёрдугаар сард 3-4-нд шилжих шөнө өөрийн төрсөн хүү Х-г хөнөөсөн хэрэг үйлдсэн. Тухайн үед хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл 91.1 дэх хэсгийг үндэслэн түүнд 10 жил, нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх шийдвэр гаргасан юм. Өдгөө 73 настай тэрбээр бие нь тааруу гэдэг үндэслэлээр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн.

Тэгвэл Монголын анхны Ардчилсан сонгуулийн 25 жил өдрөөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Г.Бошигт гуайд уучлал үзүүлэв.

Эдийн засагт гурилын үнэ нэмэгдэх гэж буй үүнийгээ дагаад талх, махны үнэ өсөх нь ээ гэх яриа гарсан. Тэгвэл гурилын үнэ нэмэгдэхгүй.  Засгийн газар, Монгол банкны хооронд 2012 онд “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн гэрээ байгуулсан. Энэ хүрээнд хүнсний агуулах, зоорийн аж ахуй хөгжүүлэхэд зориулан аж ахуйн нэгжүүдэд олгосон 33 тэрбум, Махны менежер компаниудын 25 тэрбум, Гурилын үйлдвэрүүдийн 17 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах нөхцөлтэйгээр зээлийн гэрээ дуусгавар болох өдрөөс хойш нэг жилээр сунгаж, гэрээ байгуулахаар шийдвэрлэснийг танилцууллаа.

Гурилын үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд 2014-2015 онд нийт 57,8 тэрбум төгрөгийн зээлийг 14 гурилын үйлдвэрт олгожээ. 2015 оны есдүгээр сарын 1 хүртэл нэгдүгээр зэргийн гурилын үнийг 850-950 төгрөгөөр дээшгүй үнээр хэрэглэгчдэд борлуулахаар заасныг гурилын үйлдвэрүүд гэрээний дагуу биелүүлж байгаа аж. Энэ нь 2015 оны 1-6 дугаар сард үйлдвэрээс гарч буй гурилын үнэ дунджаар 727 төгрөг байсан дүнгээр нотлогджээ. Гэрээг сунгаснаар гурилын үнэ нэмэгдэхгүй байх боломж бүрдэх юм байна.

Спортын тамирчид баярт мэдээг байнга дуулгадаг билээ. Тэгвэл энэ удаад АНУ-ын Лос-Анжелес хотноо Дэлхийн тусгай олимп зохион байгуулагдлаа. Тэмцээнд манай улсаас 16 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт явсан. Монголын баг тамирчид уг тэмцээнд амжилттай оролцож нийт гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, нийт 11 медалийн эзэн боллоо. Тодруулбал: Монгол улсад анхны медалийг бөөрөнцөг шидэлтийн төрөлд манай тамирчин Б.Тулга хүрэл медаль авсан. 100 метрийн гүйлтийн тамирчин М.Даваажаргал мөнгө, 100 метрийн гүйлтийн тамирчин Б.Номиндарь хүрэл медаль хүртлээ, Ширээний теннисний холимог төрөлд Б.Ерөөлт, н.Дөлгөөн нар IV байр, Ширээний теннисний холимог төрөлд Нинжбадам, Бодь-Эрдэнэ нар алтан медаль, Ширээний теннисний ганцаарчилсан төрөлд Б.Ерөөлт хүрэл, Жудо бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Энхжмаа алт,  Жудо бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Мөнхбаяр мөнгө, Жудо бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд Тэмүүлэн мөнгө, Жудо бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд Мягмарсүрэн алтан медалийн болзол тус тус хангаад байна. Үүнээс гадна манай тамирчид ширээний теннис болон гүйлтийн төрөлд дөрөвдүгээр байрт орж амжилттай оролцсон байгаа.

Энэ удаагийн тусгай олимпт 170 гаруй орны 7000 гаруй тамирчид өрсөлдсөн. Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг нийгэм, олон нийтэд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага юм. Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулан зуны болон өвлийн олимпыг хоёр жил тутам зохион байгуулдаг байна.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа