Өсвөр үеийнхэнд зориулсан "Ахлах сургууль" УСК удахгүй нээлтээ хийнэ
2015/08/21
“Ахлах сургууль” уран сайхны кино нь LAMSAN продакшны анхны уран бүтээл бөгөөд “Төгс хөгжлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ж.Буянтөгс бодит амьдралаас сэдэвлэн, өөрийн шавь Батцэцэгтээ зориулан энэхүү кино зохиолыг бичиж, продюссерээр давхар ажилласан байна. Үе үеийн хүүхэд залууст эцэг эхээ хайрлаж хүндлэх хүмүүжлийг кино урлагаар дамжуулан хэлэхийг оролдон бүтээлээ туурвижээ. Харин бусад уран бүтээлчдийн хувьд СТА Г.Ган-Очир бүжиг дэглээчээр, ерөнхий продюссерээр Б.Янжмаа, найруулагчаар Ө. Бат-Эрдэнэ, ерөнхий зураглаачаар Д.Алтантуяа /LAMSAN продакшн/ нар ажилласан байна. Мөн кино нэг жилийн өмнөөс хийгдсэн ба хүүхдийн кино болохоор бэлдэх ажил, дасгал сургуулилт их хэрэгтэй байсан, бүжигтэй кино учраас бүжиглэдэггүй хүүхдүүдээ 4 сар бүжгийн бэлтгэл хийлгэсэн гэнэ.
“Ахлах сургууль” УСК нь Монголдоо өсвөр насныханд зориулсан томоохон уран бүтээл болсон бөгөөд уран бүтээлчид энэ киногоор үзэгчдэд маш олон санаа хүргэхийг зорижээ. Гэр бүлийн нандин харьцаа, ёс зүйн хүмүүжил, зөв үерхэл нөхөрлөлийг өгүүлэх энэ кино хүүхэд залууст маш сонирхолтой хэлбэрээр хүрэх юм байна. Кинонд ахлах сургуулийн нэгэн ангийн бүжгийн хамтлагт шинэ охин шилжиж ирснээр бүх үйл явдал сонирхолтойгоор өрнөнө. Ингээд бүжгийн хамтлагийн ахлагч охин шилжиж ирсэн охинтой бүжгийн тулаан хийх боловч хүүхдийн гэнэн цагаан өрсөлдөөн нь тэдний бодож байсан шиг биш эсрэгээр эргэнэ. Тэд том асуудалд ордог. Тэр асуудлаас яаж гарах бол, тэд юу хийх бол? Та бүхэн сонирхон үзээрэй.
Энэхүү кино нь бүтэн 1 жилийн өмнөөс эхлэн хийгдсэн. Зураг авалт нь 4 сарын хугацаанд явагдаж, бэлтгэл ажил нь 4 сар болж, дуу хөгжим, эвлүүлэг гээд олон сарын нөр их хөдөлмөр орсон уран бүтээл юм байна. Ингээд та бүхэнд тус киноны трэйлерийг хүргэж байна.