Монголын Эдип Пиаф үзэгчдэдээ дахин бэлэг барина
2015/08/31
“Би Эдит Пиаф байна” ганц хүний хөгжимт драмын жүжгээрээ Францын билэг танхай дууч шувуухай Эдип Пиафын амьдрал, уран бүтээлийг Монголын болон олон улсын тайзнаа амилуулж, үзэгчдийн талархлыг хүртсэн хүн бол Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан. Тиймээс ч түүнийг Монголын Эдит Пиаф гээд нэрлэчихэд нэг их буруутахгүй л болов уу. Жүжиглэхийнхээ хажуугаар франц хэл дээр домогт Эдит Пиафын 7 дууг чадварлаг дуулсан нь үзэгчдийг бишрүүлж чадсан учраас л дээрх хүндэтгэлийг Ц.Баясгалан хүлээсэн биз ээ. Моно жүжгийн олон улсын “МонАкт-2014” фестивалиас дээрх уран бүтээлээрээ “Гран При” хүртэж, үзэгчдэдээ бэлэг барьсан тэрбээр дахин бэлэг барихаар шийдэж, нөр их ажилд ханцуй шамлан ороод байгаа гэнэ. Түүний энэхүү гэнэтийн бэлэг нь юу байх бол гэж үү. Хамтдаа сонирхцгооё.
"The Parade of Winners" моно жүжгийн олон улсын фестиваль монголд
Ц.Баясгаланг “МонАкт-2014” фестивалиас моно жүжгийн төрлөөр гранпри хүртсэнийхээ дараа энэ төрлийн мастеруудтай холбоо тогтоож, эх орондоо моно жүжгийг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Монголд буцаж ирээд Монголын моно жүжгийн төв нээж, салбарын яам болон холбогдох газруудад хүсэлтээ тавин жил бүр моно жүжгийн олон улсын фестивалийг монголд зохион байгуулах ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээнд энэ жилийнхийг нь 9 сарын 30-наас 10 сарын 6-ны хооронд Улаанбаатар хотноо "The Parade of Winners" нэртэйгээр зохиох гэж байна. Уг фестивал нь монголд моно жүжгийг түгээн, таниулах зорилготой учир энэ удаа ялагч тодруулахгүй аж. Уг фестивальд Герман, Латви, Молдав, Швед, Украйн болон Киргиз улсын моно жүжгийн алдартнууд урилгаар оролцох юм. Энэхүү наадам нь Монголын драмын урлаг, Монголын моно жүжгийн хөгжилд болон энэ төрлөөр хүч үзэж буй жүжигчдэд чухал ач холбогдолтойгоос гадна тэднийг олон улсын тавцанд хүч сорих боломжийг бэлтгэх үүд хаалга болж байгаагаараа онцлогтой.
Олон улсын жүжигчдийн ур чадвар хийгээд моно жүжгийн гайхамшгийг мэдрэхийг хүсвэл үзэгчид та бүхэн 9 сарын 30-наас 10 сарын 6-нд болох фестивальд хүрэлцэн ирнэ үү. Фестиваль Улсын драмын эрдмийн театрт болно.
Фестивалийг Монгол жүжигчин хаана
"The Parade of Winners" фестивальд оролцох эрх олгох уралдааныг 7 сарын 1-ээс Монгол жүжигчдийн дунд зарласан. Энэхүү уралдаанаас шалгарсан жүжигчин "The Parade of Winners" фестивалийн хаалтыг хийх аж. Мөн 2016 онд болох олон улсын фестивальд Моно жүжгийн төв зуучлах юм байна.
“Би Эдит Пиаф байна”, “Тэнгэрийн аялгуу” тайзнаа эргэн ирэх нь
Олон улсын фестивалийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах үүднээс жүжигчин Ц.Баясгалан “МонАкт-2014” фестивалиас гранпри хүртсэн “Би Эдит Пиаф байна”, гэгээн музагийн эзэн “Тэнгэрийн аялгуу” жүжгүүдээ Улсын драмын эрдмийн тайзнаа тоглохоор болжээ. бөгөөд олсон орлогоо олон улсын фестиваль зохион байгуулахад зарцуулагдах учир үзэгчид та бүхнийг урьж байна.