БНСУ-ын Кёнжү хотноо 2015.08.21-10.18-ны өдрүүдэд “Торгоны зам Кёнжү 2015” олон улсын соёлын экспо болж байна.  Тус арга хэмжээний үеэр буюу 08-р сарын 29-ний өдөр Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Сөүлд хотод дахь ЭСЯ, “Торгоны зам Кёнжү 2015” олон улсын соёлын экспог зохион байгуулах комисстой хамтран “Монголын соёлын өдөр”-ийг зохион байгууллаа. Соёлын өдрийг нээж Монгол Улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Ганболд, Кёнжү хотын дарга Чой Ян Шиг нар баяр хүргэж үг хэлэв.  

 

 

Соёлын өдөрт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол бүжигчин, бүжиг дэглээч, МУГЖ А.Даваахүү, бүжиг дэглээч, МУГЖ Ц.Алтангэрэл, бүжигчин, МУГЖ Ш.Одонтуяа, бүжигчин, СТА А.Батхүү тэргүүтэй уран бүтээлчид Монголын үндэсний урлагийн өв уламжлалыг харуулсан бүтээлүүдийг үзэгчдэд толилуулав. Арга хэмжээний үеэр Монголын үндэсний хоол, эсгий, арьс ширэн эдлэл зэрэг үндэсний брэнд бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа.