Томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг баталлаа
2015/09/01
Улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтад багтсан хуулийн этгээдийн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд, Уул уурхайн сайд нарт тус тус даалгалаа.
Уул уурхайн салбараас орох орлогоос орон нутгийн төсөвт төвлөрүүлэх хэмжээг зохистой хэмжээгээр нэмэгдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталж, хуулиар томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг хассан зөрүүний 30 хувийг орон нутагт төвлөрүүлэхээр тусгаж, хуулийн этгээдийн жагсаалт батлах эрхийг Засгийн газарт олгосон. Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газраас баталж, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Урьдчилсан тооцоогоор аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 20 орчим тэрбум төгрөг төвлөрөхөөр байна.