Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутган шүүж байгаа. Тэдэнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж байна.

Хурал эхэлмэгц Улсын яллагч яллах дүгнэлтээ танилцуулж Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил,  Н.Даваахүүг 7 жилийн ял оноох санал гаргасан билээ. Харин үүний дараа өмгөөлөгчид санал шүүмжээ хэлж байна.

Шүүгдэгч  Б.Мөнгөнтуяагийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу санал шүүмжиндээ:  “Хүнийг хууль бусаар мөрдөн мөшгиж болдгийг энэ шүүх хурал нотолж байна. Хууль бусаар шүүсэн юмаа нотлох баримт гээд шүүх хурал дээр ярьж байна. Үүнийг нь ч нотлох баримт гээд хүлээн зөвшөөрч байна. Ийм байцаан шийтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэдгийг дахин хэлье. Хоёрдугаарт хууль ёсны хүрээнд эрх мэдэл хаана байсан юм бэ гэдгийг ярьсан бол шүүгдэгч нар өнөөдөр хохирогчийн талд байх ёстой байсан. Энэ гаргалгааг ойлгох ёстой. Хэрвээ Багануур ХК-ийн удирдлагууд гарын үсэг зураагүй байсан бол ийм асуудал болохгүй байсан. Ийм шударга бус зүйл байж болохгүй. Би сая улсын яллагчийн яллах саналын зүйл ангийг сонслоо. Хоёр хүнд зүйлээр шийтгэнэ гэж уншлаа. Энд ямар хүнд гэмт хэргүүд яригддаг гэдгийг шүүгчид та нар мэдэж байгаа. Шүүгдэгчийг ийм зүйл заалтаар шийтгэнэ гэдэг буруу” гэв.  

Ч.Шаравнямбуу шүүгдэгч нар улсын яллагчийн уншсан хоёр зүйл ангид заасны дагуу яллагдах өндөр эрх мэдэл бүхий албан тушаалтан биш гэдэг гаргалгааг хуулийн заалтын хүрээнд хийж, хохирогчоор байгууллага биш хувь хүн тогтоогдсон учир цагаатгах саналтайгаа хэлэв.  

 

Хохирогч Багануур ХК-ийн өмгөөлөгчийн санал шүүмжиндээ: “60 тонн нүүүрсийг шуудайлаад жигнээд эхлэхээр 52 тонн болдог гэдгийг тооцоолсон. Тэгэхээр 30 тонн тутамд 8 тонн нүүрсний зөрүү гарч ирээд байна. Энэ бол жингийн зөрүүний хувьд нийлүүлэгч Багануур ХК-д алдагдалтай гэдгийг нотолно. Энэ жингийн зөрүүний алдагдлыг арилгах арга хэмжээг манай тал гаргаж ирж байсан.  Шүүхийн хэлэлцүүлгийн явцад төрийн болон төрийн өмчийн оролцоотой ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг судлуулсан. Үүний гол агуулга нь Багануур ХК нүүрсээ шилжүүлж байгаа боловч жингийн зөрүүнээс алдагдал хүлээж байна гэдгийг тодорхой танилцуулсан байгаа. 481 сая 900 мянган төгрөгний алдагдал хүлээчихээд байна гэдгээ танилцуулсан. Багануур ХК яагаад өргөдөл гаргаагүй юм, АТГ л гомдол гаргаад дараа нь та нар гомдол гаргасан гэсэн юм ярьсан. Бид алдагдал хүлээж байсан гэдгээ мэдэж байсан. Гэвч Багануур ХК нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстойгоо ухамсарлаад нэгэнт хөтөлбөрт орчихсон тул төрөө хүндлэх ёсыг дагаж дуусгасан.  АТГ бол эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан эрх үүргийнхээ хүрээнд энэ хэргийг илрүүлээд шалгаад явсан. Багануур ХК-д гэм хор учирсан гэж үзэж байгааг нотолгоонууд харуулсан" гэв.