Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Монгол Ардын намын удирдлагууд настан буурлуудаа  Тусгаар тогтнолын ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ арга хэмжээг нээж Монгол Ардын намын дарга М.Энхболд үг хэлэхдээ:

" Монголын нийт иргэд, залуу үеийнхний хэзээ ч мартахгүй санаж, хайрлаж явах үнэт зүйл бол ахмадууд та бүхний амь биеэ хайрлалгүй тэмцэж, босгож, цогцлоосон үндэсний тусгаар тогтнол, төрт ёс, эдийн засаг, нийгмийн бодит ололт, иргэдийн эрх, эрх чөлөө билээ. Үүнийг би өнөөдөр сануулахын учир нь МАН сонгогчдын итгэлийг авч засаглаж байх хугацаандаа ахмадууд та бидний хамтаар хүрсэн эдийн засаг, улс төр нийгмийн ололт, амжилтууд өнөөгийн эрх баригчдын өнгөн дээр алдагдаж, үгүй болж байна. Эрх баригчид 2012 онд Засгийн эрх авсан мөчөөсөө хариуцлагагүй өр зээл тавих, ард түмний өмчлөлд байгаа томоохон ордуудыг гадаадынхантай үгсэн цөлмөх зэргээр овлигогүй аашилсаар өнөөдөр эдийн засгийг тартагт нь тултал унагаад байна" гэсэн юм. Түүнчлэн тэрбээр "МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан санаануудаа хууль, бичиг баримт болгон УИХ-аар хэлэлцүүлэхийг чармайсаар байна. Харин эрх барьж буй олонхи дур зоргоороо авирлаж, хэрэгжүүлэх боломж олгохгүй дарсаар байна. Жишээ нь,малчдын ажил, хөдөлмөрийн онцлог болон шилжилтийн жилүүдэд нийгмийн даатгалд хамрагдаж чадаагүй бодит шалтгааныг нь харгалзан тэтгэвэрт гарах насыг нь наашлуулах, тэтгэврийн даатгалд нөхөн хамруулахтай холбоотой багц хуулийн төслийг МАН-ын бүлгээс боловсруулж УИХ-д өргөн бариад 510 хоногийн хугацаа өнгөрлөө. Эрх баригчид эдгээр хуулийн төслийг улс төржсөн өнцгөөр харж, хөдөөгийн иргэдийн эрх ашгийг хөсөрдүүлсээр байгаагаас УИХ-аар хэлэлцэх явц маш удаашралтай, хүндрэлтэй  байна. Авлига авсан,албан тушаалаа урвуулан ашигласан нэгнээ өршөөх болохоор хүссэн хуулиа дуртай цагтаа ээлжит бусаар хэлэлцүүлэн баталдаг олонхи маань, бидний санаачилсан иргэдийн төлөөх аливаа хууль, тогтоомжийн төслүүдийг дарж, хойшлуулдаг буруу жишиг УИХ-д нэгэнт тогтсоноос ахмадууд та бүхний амьдралд онцгой ач холбогдол бүхий хуулийн төслүүд батлагдахгүй байна гэдгийг хэлж байсан юм. Түүний дараа Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Багабандийн ахмадууддаа зориулж илгээсэн мэндчилгээг уншиж сонордууллаа.  Монголын нам төрийн нэрт зүтгэлтэн анхны долоогийн нэг Д.Лосолын хүү гавъяат барилгачин  Л.Өлзийхишигийн зээ хүү И.Тамир, И.Мишээл нарыг Монгол Ардын намд гишүүнээр элсүүлж, намын батлах, үнэмлэхийг нь гардуулж өглөө.

Дараа нь улс төрийн товчооны гишүүн, орлогч гишүүнээр ажиллаж байсан Т.Дамдин, Ц.Өөлд, И.Мишигдорж, Л.Лантуу, намын даргаар ажиллаж байсан Г.Очирбат, С.Даш-Ёндон нар, намын төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Балхаажав, Г.Адъяа, Б.Сумъяа, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Содном, Ш.Гунгаадорж нарыг хүндэтгэлийн тайзнаа урин залж Монгол Ардын намын удирдлагууд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн нийслэлээс дүүрэг, дүүргийн  ажил хөдөлмөрөөрөө манлайлсан Г.Давгаболор, Л.Дамдинсүрэн, Н.Дугуйцагаан, Б.Зангад, А.Зул, Д.Совдоо, П.Хаянхярваа, Д.Цэрэнчанаа, Ц.Чунаг нарыг  "Хүндэтгэлт ахмад"-аар тодруулж, гарын бэлэг гардууллаа.

Ахмадаа хүндэлсэн Ардын нам арга хэмжээг хааж Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат үг хэлэхдээ "

Ахмад үеийнхэн маань халуун амиа зольж бүлээн цусаа урсгаж тусгаар тогтносон улсаа байгуулж, эх орноо хөгжүүлэхийн төлөө унтах нойр идэх хоолоо хагаслан борви бохисхийлгүй хөдөлмөрлөсөн нь бодит түүх билээ. Дэлхийн II дайны эхлэл болсон Халхын голын дайн, Бүхнийг фронтод зориулсан их хөдөлмөр, 1945 оны Чөлөөлөх дайн, Тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулга, Соёлын довтолгоо, Атарын аян, Нэгдэлжих хөдөлгөөн, Монгол улс НҮБ-ын жинхэнэ гишүүнээр сонгогдсон үйл явдал, Монгол хүн сансарт ниссэн түүх, Хотжилтын их бүтээн байгуулалтууд чухамхүүахмадууд Та бүхний бахдам хөдөлмөрөөр ялалт, амжилтад хүрч өнөөгийн бидэнд өртөөлөн ирсэн. Олон улсын ахмадын өдрөөр хүн төрөлхтөн ахмад үеийнхээ туулж ирсэн амьдрал, тэмцлийг эргэн харж, тэднийхээ үйл хэргээс үлгэр дууриал авч, эргэцүүлж, сэхээрч, ахмадууд, азай буурлууддаа хүндлэл үзүүлэх учиртай. Ахмадууддаа ач санах нь зөвхөн нэг тэмдэглэлт баярын өдөр бус харин Монгол Төрийн бодлогод, Монгол хүн бүрийн сэтгэлд баттай байр сууриа эзэлсэн өдөр тутмын үйл хэрэг байх ёстой" гэлээ. Ахмадын баярын арга хэмжээ урлагийн тоглолтоор үргэлжилж байна.

Ц.Анир