УИХ-ын нэгдсэн чуулган дөнгөж сая эхэллээ.  Чуулганы эхэнд  УИХ-ын дарга З.Энхболд  хэлэлцэх асуудлуудыг танилцуулж,  санал байгаа эсэхийг гишүүдээс тодруулав.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхийн өмнө  ажлын хэсэг гаргах ёстой. Мөн  Улсын дээд шүүх Өршөөлийн хуулийн асуудлаар ҮХЦ-д хандсан.  Тиймээс  энэ асуудалд мөн  ажлын хэсэг гаргах хэрэгтэй” гэдэг горимын санал дэвшүүллээ.  

Тодруулбал, Үндсэн хуулийн цэц 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан асуудалд ажлын хэсэг гаргах саналыг ирэх долоо хоногийн пүрэв гараг хүртэл  хойшлуулахаар боллоо.

 

Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг бусдын гарт амь насаа алдсан. Түүний дурсгалд зориулан хүндэтгэл үзүүлье гэсэн горимын санал гаргав. Улмаар гишүүд босож зогсон хүндэтгэл үзүүлсэн юм. 

Яг одоо Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.