Дэлхийд ганцхан Монгол наадам шагайн харваагаар эхэллээ. Энэ жилийн шагайн харваанд 42 багийн 360 гаруй тамирчин долоон хэсэгт хуваагдан оролцож цэц мэргэнээ сорьж байна. Баг бүр найман харваачтайгаар наадам өргөн дэлгэр сайхан эхэллээ.

Энэ жилийн харваанд үлэмж дархан мэргэн, гарамгай мэргэн, цэц мэргэн гэх мэт олон харваач аймаг, сум бүрээс хүрэлцэн ирэв. Наадамд цэц мэргэнээ сорихоор ирсэн харваачдаас хамгийн өндөр настай нь 89-тэй бол хамгийн залуу нь Сэлэнгэ аймгийн харьяат 15-тай хүү оролцож байгаа юм.

Өнөөдөр шагайн харвааны хэсгийн тоглолт болж байна. Харин маргааш шигшээд 21 баг шалгарч тэргүүн байрын төлөө харвах юм байна.

Шүүгч, харваачид энэ жилийн наадмын өнгийг сайхан байна хэмээн тодорхойлсон юм. Нийт харваачдын дийлэнх нь залуу болсон нь уламжлал шинэчлэл хосолсон сайхан наадам болж буйг илэрхийлж байлаа. Шагайн харвааны асарт уухайн дуун хадаж монгол түмэн сайхан наадаж байна.

Э.Мөнхнасан