Гуравдугаар сарын 1-нээс эхлэн Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар тамхи татах өрөө бий болгоогүй, үйлчлүүлэгч иргэдээ тамхины утаанд хордуулсан бол 7 сая хүртэлх төгрөгөөр  аж ахуйн нэгжийг торгохоор заасан байгаа.

Нэг хүн тамхи татуулсныхаа төлөө аж ахуйн нэгж 7 сая төгрөгөөр торгуулахыг хүсэхгүй. Мөн түүнчлэн баар,  цэнгээний газруудад тамхи татах өрөө, согтуурч биеэ авч явах хяналтаа алдсан иргэдийг амрааж архийг нь гаргах өрөө гаргахыг шаардах болсон. Хууль хэрэгжиж эхлэхэд ердөө 15 хоног үлдэж байна. Өөрөөр хэлбэл тамхичидтай хийх дайн эхлэхэд 15 хоног үлдэж байна гэсэн үг. Гэхдээ энэ дайнд хэн нь ялагч байх нь чухал биш гэнэ. Олон нийтийн үйлчилгээний газрууд тамхи татдаг үйлчлүлэгчээ алдахгүйн тулд шинэ үйлчилгээ нэвтрүүлдэг байна.

Монголчуудыг хорт зуршилаас нь аврах, эрүүл мэндийг нь хамгаалах нэг ч гэсэн хууль хэрэгжиж эхлэх гэж байгаа нь сайхан байна.
Манайд сүүлийн 20 гаруй жилд тамхидалт газар авч дөрвөн хүний нэг нь өдөр тутам тамхи хэрэглэдэг болсон байна. Насанд хүрэгсдийн 42 хувь нь тамхичин бол хүүхдийн 54 хувь гэр орондоо дам тамхидалтад өртдөг гэсэн судалгаа гарчээ. Хамгийн аюултай нь 15-24 насны өсвөр үе, залуусын тамхины хэрэглээ эрс нэмэгдсэн аж.
Тамхины хяналтын тухай хуулиар олон нийтийн газруудад 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэх юм. Хуулиар ресторан, баар, цэнгээний газар, кино театр, үзвэрийн газрууд, агаарын тээвэр, зорчигчдын галт тэрэг, зочид буудалд болон цэцэрлэг, бүх шатны сургууль, дотуур байрны гадна, дотор орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн орон сууцны орц, цахилгаан шатанд тамхи татахыг бүрэн хориглоод буй. Ийм замаар тамхичдын орон зайг эрс хумихаар болжээ. 21 нас хүрээгүй хүн тамхи худалдах, худалдан авахгүй байхаар хуульд зохицуулжээ.
Мөн тамхины хайрцаг дээр байдаг эрүүл мэндийн анхааруулга 33 хувь байсныг 50 хувь болгохоор хуульд заажээ.
Иргэд тамхигүй орчинд тамхи татаж байгаад баригдвал 50 мянган төгрөгөөр торгуулж тамхиа хураалгах бол хууль зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй, хуулийн этгээдийг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг нь хураахаар заажээ.

Өмнөх хуульд тамхины хайрцаганд зурган анхааруулга байна гэж заадаг байсан. Тэгвэл одоо хайрцагных нь ар, өвөр талын 50 хувь нь зурган анхааруулгатай байна гэж хуульчилж өгсөн. Хууль зөрчиж тамхи татвал иргэнийг 50 мянган төгрөг, харин тамхи татах орчинг нь бүрдүүлж өгсөн аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсийг 25-50 дахин нэмэгдүүлсэн тэнцэхүйц мөнгөөр тооцно. Тэгэхээр нэг хүний тамхи татуулж, долоон сая төгрөгөөр торгуулахыг ямар ч албан байгууллага хүсэхгүй байх. Ямар боловч монголчууд тамхичидтайгаа хуулиар тэмэж эхэллээ. Энэхүү хуультай зэрэгцээд тамхи татдаг иргэдийн эрх зөрчигдөж байна. Баар цэнгээний газрын ашиг орлого буурна гэсэн сөрөг мэдээлэл, шүүмжлэл гараад байгаа. Тэгвэл тамхи, тамхичидтай тэмцсэн олон улсын жишигт хэрхэн энэ бүх асуудлыг шийдэж байсныг хүргэе.  Тухайлбал,  Стамбул хотод кафе, зоогийн газар, бааранд тамхи татахыг хориглосны дараагаар тус үйлчилгээний газруудын орлого огцом буурчээ. Энэ байдлаас гарах аргыг жижиг зоогийн газрын эзэн сэдсэн нь нэг хэсэгтээ л өргөн ашиглагдсан юм. Тэрээр кафенийхээ үүдэнд үлдээсэн тамхийг сорох боломж олгодог урт резинин хоолойг үйлчлүүлэгчиддээ санал болгосон байдаг.
Цөөнгүй оронд тамхины эсрэг хуулиар “хэлмэгдсэн” тамхичдыг алдахгүйн тулд электрон тамхийг санал болгох болсон. Ийм тамхины утаа нь тамхины утаа шиг аюултай биш болохоор хорио цээр үйлчилдэггүй. Ирландын нисэхийн нэгэн  компани гэхэд л онгоцонд тамхи татахыг хориглосон хуулийг давж гарахын тулд зорчигчдоо дээрх электрон тамхийг санал болгодог байна.
Францын Ренн дэх баарны эзэд тамхи татахын тулд гудамжинд гарахаас өөр аргагүй болсон үйлчлүүлэгчдээ хүйтэн сэрүүний улиралд алдахгүйн тулд гарахад нь өөрийн газрын лого бүхий зузаан хантааз түр өгдөг болжээ. Ингэснээр тамхи татдаг үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндэд халамж тавьсан төдийгүй олон тооны хүнээр бараа үнэгүй сурталчилдаг болжээ.
Тамхины эсрэг хууль нь гадаадын элчин сайдын яам, консулын газруудад үйлчилдэггүй. Иймд Их Британийн нэгэн баарны эзэн өөрийн газрын Карибын тэнгист байдаг “Редонд” нэртэй эзэнгүй арлыг консулын газар гэж зарлан, зөвшөөрөл авч чаджээ.