Мэргэжлийн сопран хоолойтой эмэгтэй дуурийн дуучдын хоолой, авьяас чадварыг сорьсон Дж.Пуччинигийн алдарт Чио чио сан буюу "Madam butterfly" дуурийн Чио чио саны дүрийг Монголын залуу сопран дуучин С.Батчимэг бүтээжээ. Тодруулбал С.Батчимэг Улан-Үд хотын дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаа бөгөөд БУАЖ концертмейстр Дарим Лхасаран Ленховоен багштай богино хугацаанд бэлдэж, энэ сарын 29 нд Улан-үдийн театрт амжилттай тавьсан байна.

С.Батчимэг СУИС-ийг 2012 онд Монгол Улсын гавьяат багш Б.Дашамагийн удирдлага дор төгссөн. Тэрбээр 2011 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдавын нэрэмжит дуурийн дуулаачдын улсын уралдааны II байр, 2012 онд “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаанд Хоролмаагийн дүрээр III байрт, ЗХУ-ын Ардын жүжигчин Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдааны тэргүүн байрт шалгарсан юм.

А.Баярмаа