2015 оны төсвийн орлого их хэмжээгээр тасарсан тул төсвийн тодотгол хийх шаардлагатай болсон. Тэгвэл УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж батлав. Шинэчлэлийн засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "эдийн засгаа" гурвантаа бодож буйгаа ажлаа авсан өдрөөсөө тунхагласан. Гэвч төсвийн тодотгол нь таван хувийн алдагдалтай.

"Таван хувийн алдагдал ирэх жилд ачаа болох нь мэдээж. Энэ жил төсвийн тодотголыг оройтуулж хийсэн нь сөрөг үр дагавартай болчихлоо. Орлого нэмэгдүүлэх боломж үндсэндээ байхгүй. Гэтэл зарлага нэлээд гарсан. Хөрөнгө оруулалтын ажил болон бусад арга хэмжээ нь эхэлсэн үед тодотгож байгаа учраас зардал хорогдуулж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ төсвийн алдагдал эсвэл өр болж он дамжихаар болчихоод байгаа. Өр болж он дамжвал ирэх оны төсөвт ачаалал болно" гэж УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан онцлон хэлэв.

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 51.1 тэрбум төгрөгөөр, Хэнтий, Сүхбаатар аймгийн суурь орлогыг 2.9 тэрбум төгрөгөөр буюу нэгдсэн төсвийн орлогыг нийт 54.0 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон байна. Мөн Төрийн өндөр болон улс төрийн албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулахгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан урсгал зардлыг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, улсынтөсвөөс санхүүждэг бүх төсөвт байгууллагуудын 11, 12 дугаар сарын төлөвлөгдсөн цалингаас бусад тэвчиж болох урсгал зардлыг 15-20 хувиар бууруулах замаар 8.1 тэрбум төгрөгийг урсгал зардлаас хасчээ.

Улсын төсвийн хөрөнгийн бусад зардлаас 47 тэрбум төгрөгийг хасч, хөрөнгө оруулалтын зардалд 9.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг энэ онд нэмж санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дээрх өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 6.074.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.8 хувь, нийт зардал 7.263.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 30.8 хувь болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 1.179.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5 хувьтай тэнцэхээр байгаа юм байна.

Ийнхүү таван хувийн алдагдал бүү нэмэгдэг гэж харж суухаас өөр гарц үгүй. Хэрэв зээ нэмэгдвэл ирэх оны төсөвт ачаа нэмэгдэнэ гэсэн үг.

 

Х.Даваа