Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ажлаа хүлээж авсан өдрөөс л "огцруулна" гэсэн эсэргүүцэлтэй нүүр тулсан. УИХ-ын гишүүн Г.Уянга түүнийг огцруулах тухай төсөл өргөн барихаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа юм.

Огцруулах бичигт нийт 19 гишүүн нэгдэж байж тогтоолын төслийг УИХ-д өргөн барих нөхцөл бүрдэнэ. Харин Г.Уянга гишүүний цуглуулж буй гарын үсэг дээрх тоонд хүрэх тун ойртож яваа юм. Одоогийн байдлаар 17 гишүүн гарын үсгээ зурсан байгаа. Тэгвэл Ерөнхий сайдыг огцруулахгүй хэмээн намын нөхөд нь аврахаар сэтгэл шулуудсан бололтой.

 

-Ч.Сайханбилэгийг огцруулах хамгийн том шалтгаан-

АНЭУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Монголын талаас “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Оюу толгой” ХХК, нөгөө талаас “Туркойз Хилл Ресурсес”, “Рио Тинто” компанийн төлөөлөл Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянга "Том төслүүдээс хамгийн алдагдалтай нь “Оюу толгой”. Бод доо, “Оюу толгой”-г чамд байгаа чиний өмч гэж бод. “Рио Тинто" та хоёр хамтарч бизнес хийе гэж бодъё. “Рио” туршлагатайн хувьд эдийн засгийн тооцоо хийгээд “Дөрвөн тэрбум ам.доллараар энэ уурхайг босгоод ашигтай ажиллуулна” гэж тооцжээ. Чи түүнийг нь нягталсан ч үгүй, итгээд “за, тэгье” гээд гэрээ хийчихэж.

Гэхдээ хөрөнгө оруулалтаа хувааж гарга, чамд мөнгө байхгүй бол надаас зээл гэвэл чи юу гэх вэ? Захын наймаачин ч, “Надад мөнгө байхгүй ч “Оюу толгой” байна. Хэрэв Оюу толгой байхгүй бол энэ гэрээ байхгүй. Тиймээс энэ “өмчөө” өөрийнхөө оролцох хувьдаа тооцно. Ингэхгүй бол чи бид хоёр наймаа тохирохгүй нь дээ, дараагийн хамтрагчаа олно оо” л гэнэ биз дээ. Гэтэл харин чи тэгсэнгүй, “За тэгье тэгье, чамаас л зээлчихье” гээд бүүр өндөр хүүтэй зээлийн 34 хувийг хүүтэй нь өгөхөөр мөнгө зээлээд баларчихжээ. Гэтэл “Рио Тинто” өөрөө хамаг менежментээ хариуцаж байгаа. Чи түүнийг нь хянаж чадахгүй олхиогүй хэдэн найзаа тэнд суулгачихсан учраас тэр.

Гэтэл нөгөө тал хөрөнгө оруулалт өсөөд байна гээд чиний өрийг нэмээд л, хааяа чамайг “Хөгшин нь хоосон хонох нь, баларлаа” гээд очихоор аяга хоол өгнө, чи түүнд нь баярлаад л өрөнд ороод л яваад байж. Гэтэл чамд “За хөгшөөн, хөрөнгө оруулалт өсөөд байгаа учраас ашиг ойрын үед хувааж чадахгүй ньээ. Би баахан найз нартаа менежментээ хариуцуулсан тэд зардал өсгөөд байна. Тиймээс ашиг бол 2037 оноос л магадгүй шүү хө. Тэр болтол хоёулаа мөнгө зээлээд л яваад байя. Зээлийн 34 хувийг харин чи хүүтэй нь төлнө шүү. Чамд зээл олж өгсний төлөө найз нъ эндээс чинь хувиа авна, дээр нь энэ ордыг чинь зээлийн барьцаанд тавихгүй бол зээл авч чадахгүй нь” гэвэл чи яах вэ. Жинхэнэ эр хүн бол салаавч үзүүлэх нь ойлгомжтой.

Яагаад гэвэл чиний ганц “хөзөр", ган цөмч “Оюутолгой” чинийх биш зээл олгогчийнх болно. Тэгвэл чи өөрөө “яг хэн юм бэ? Үнэндээ юу юм бэ?" Асуудал эвгүйцвэл зээл авахад зуучилсан “Рио” биш чи шүүхийн өмнө очно. Харин “Рио” найз чинь чамайг зээлийн барьцаанд тавьчихаад яваад өгнө. Ч.Сайханбилэг С.Баярцогт хоёр ийм л юм хийлээ. Энэ хоёрын ард чи, би, монголчууд бүгдээрээ байгаа юм. Энд нэг ордын тухай биш монголчууд хэдэн үеэрээ идэх олон зуун их наяд төгрөгийн тухай ярьж байна шүү дээ" хэмээн эсэргүүцэж байгаа юм.

Ийнхүү Ерөнхий сайдыг огцруулах олон шалтгаан байгаа ч хамгийн гол нь “Буруу, ашиггүй гэрээ” хийсэн гэсэн үндэслэлээр олон гишүүдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан.

-Намын нөхдийн хамгаалалт-

Ерөнхий сайдыг АН-ынхан нь "бид огцруулахгүй" хэмээлээ. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг "АН-ын бүлэг 35 гишүүнтэй. Үүнээс 33 нь гарын үсэг зураад энэ Засгийн газар, ерөнхий сайдыг огцруулахгүй гээд шийдвэрээ гаргачихсан. Тэр шийдвэр одоо ч хэвээр байгаа. Тиймээс огцруулах асуудал байхгүй болов уу гэж би бодож байна".

УИХ-ын гишүүн Л.Эрхэмбаяр "Манай намын удирдлагуудын зүгээс Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулъя гэсэн бодол ерөөсөө агуулаагүй. Намын шийдвэр гараагүй байхад Сайханбилэгийг огцруулахаар гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн саналаа эргүүлэн татахыг зөвлөе".

Ч.Сайханбилэгийг хамгаалах нэг нь хатуу байр суурьтай байхад намын нөгөө хэсэг нь огцруулах гарын үсэгт гарын үсэг зурсан ч яахав гэсэн үзэл бодолтой байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "Засгийн газрын тогтвортой байх эсэх нь өөрөөс нь хамаарна. Өөрийгөө зөв чиглүүлээд, одоогийн хүндрэлээс гарах шийдвэртэй арга хэмжээ аваад, зөв шийдэл гаргаад байвал байж байх болно. Иймэрхүү байдлаар үргэлжлээд байвал нэг их удахгүй байж мэднэ".

Ийнхүү намын гишүүдийн үзэл бодол нь хоёр хуваагдчихсан байгаа нөхдүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг аварч чадах болов уу. Харж л сууя даа.

 

Х.Даваа