Мянга мянган оюутан залуусыг ажилтай, орлоготой болгож хөдөө орон нутагт жишиг өвөлжөө барих, хадлан хадах, ургац хураах мөн автозам, барилга, уул уурхай зэрэг салбаруудад илгээж байгаа "Ажлын гараа” төсөлд хамрагдсан Гавшгай 15 залуусын нэг баг өнөөдөр УБ-Мандалговь чиглэлийн 104 км хатуу хучилттай замын гүйцэтгэл дээр ажиллахаар явж байгаа юм байна. “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн “Ажлын гараа” төслийн нээлтийн үеэр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажиллах 2 баг буюу гавшгай 30 залуусыг илгээж байсан. Тэгвэл өчигдөр МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат, ХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Хадхүү нар эдгээр залуусынхаа ажил байдалтай нь танилцаад иржээ.

  

“Гавшгай залуучууд маань ажлыг гялалзуулж байна даа, залуусын ажлын орчин сайн, орон байр нь тохь тухтай юм, тэд хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байгаа” гэдгийг хөтөлбөрийн зохицуулагч хэлж байна. Энэхүү төсөлд хамрагдаж байгаа оюутан залуучууд сарын 500.000 төгрөгний цалинтай ажиллахын зэрэгцээ тухайн компаний зүгээс 200.000-250.000 төгрөгний урамшууллыг нэмж олгох гэнэ. МЗХ-ноос санаачилан Хөдөлмөрийн яам, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржтэй хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөрт “Монголын Хурдны Зам" ХХК нэгдэж хамтран ажиллахаар болсон юм байна.