Төсвийн байнгын хороо өнгөрөгч хаврын чуулганы хугацаанд 16 удаа хуралдаж давхардсан тоогоор 44 асуудал хэлэлцсэн тухай тайланг өнөөдөр тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулав.

2013 оны УИХ-ын хаврын чуулганы хугацаанд тус байнгын хороо нийт 30 хууль, УИХ-ын 12 тогоолын төсөл хэлэлцэж улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ. Тухайлбал, Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцэж баталсан байна. Хууль батлагдсанаар төсвийн ерөнхийлөн захирагчдын  2014 оны төсвийн хязгаар болон 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцлийг бүрдүүлэх эрх зүйн үндэслэл бий болсон байна.

Ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 14.7 хувьд хүргэж хэрэглээний үнийн индексийн дундаж түвшин 6 хувьд барина. Ингэснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 7270 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувьд хүрнэ. Мөн Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 7686,3 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 416,3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарах юм. Ирэх жил Улсын нэгдсэн төсвөөр 2299,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт  хийж, Улсын нийт өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр 8314 тэрбум төгрөг байхаар аж.

 

Төсвийн байнгын хороогоор хэлэлцэгдэж чуулганы хуралдаанаар батлагдсан бас нэг чухал асуудал нь зөвхөн стандартын дагуу хийгдэж угсрахад бэлэн болсон модон барилгын угсармал хийц болон тууш чиглэлийн нимгэн давхаргатай ОСБ хавтанг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Мөн бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг нэмэгдсэн НӨАТ-аас чөлөөлөхөөр болсон. 

Дотооддоо шатахуун үйлдвэрлэх ажлын эхлэл болгож газрын тосны бүтээгдэхүүн болох авто бензин, дизель болон шатамхай хийг газрын тос, нүүрс болон занараас гаргаж авахтай холбоотой газрын тосны үйлдвэр байгуулахаар гадаадаас импортлох технологийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг, тусгай зориулалтын барилгын материалыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр мөн хуульчилсан. Дээрх хууль батлагдсанаар манай улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд онцгой ач холбогдол бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддоо газрын тос болон занараас гарган авах технологийн богино хугацаанд ажмилттай нэвтрүүлэн нутагшуулж стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хувьд бусад улсаас хараат бус болох, инфляцыг тогтвортой байлгах, газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч орон болох юм гэж Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэллээ.

 

Н.Гантуяа